ОХУ: Жагсаалын үеэр 80 гаруй сэтгүүлч саатуулагджээ
2021-02-01

Нэгдүгээр сарын 31-ний ням гарагт Оросын олон хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 82 сэтгүүлч саатуулагдсан гэж Оросын сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл болон хэвлэл мэдээллийнхэн мэдээлжээ. Түүнчлэн, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг цагдаагийнхан зодсон талаарх баримт ч гарсан байна. Тухайлбал "Медуза" хэвлэлийн сэтгүүлч Иван Клейменовд цахилгаан бороохой хэрэглэсний улмаас сэтгүүлчийн толгой гэмтсэн гэж News.ru  мэдээлжээ.

 

"ОВД-Инфо"-ийн мэдээлснээр, Оросын 31  хотод ням гарагт болсон үйл явдлыг сурвалжлах үеэрээ 82 сэтгүүлч баривлагдан саатуулагдсан байна. Тэдний 22  нь Москвад, 7 нь Петербург, 6 Самар, Сочи болон Хабаровск хотод тус бүр 4 сэтгүүлч саатуулагджээ. 

 

Харин Оросын сэтгүүлчдийн холбоо ердөө 35 хэвлэлийн ажилтан саатуулагдсан гэж мэдээлсэн байна. "Москвагийн цагаар 15:30 цагийн байдлаар Орос даяар 35 хэвлэлийн ажилтан саатуулагдсан. Хамгийн их буюу найман сэтгүүлч Санкт-Петербургт саатуулагдсан байна. Ихэнх сэтгүүлчдийг бичиг баримтыг нь шалгасны дараа явуулсан" гэж Оросын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Владимир Соловьев РИА Новости агентлагт мэдээлжээ.

 

Түүнчлэн жагсаал цуглааны үеэр сэтгүүлчдийг саатуулахгүй байхыг Сэтгүүлчдийн холбооны тэргүүн хууль сахиулагчдад хандан уриалсан байна. Энэ талаар "Дотоод хэргийнх яамны удирдлагатай дахин ярихаар төлөвлөж байгаа" хэмээн тэрбээр мэдэгдээд тухайн хүн "Пресса" гэсэн бичиг бүхий хантаазтай, редакцийн үнэмлэхтэй бол түүнийг саатуулж болохгүй хэмээн сануулжээ.

 

Өмнө нь, нэгдүгээр сарын 23-ны өдөр болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр Орос даяар 40 орчим сэтгүүлч саатуулагдсан ч тэдний бичиг баримтыг нь шалгасны дараа явуулсан гэж Оросын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн өгүүлсэн байна. "Мөргөлдөөний үеэр хэд хэдэн хүн хөнгөн гэмтэл авсан, мөн зарим сэтгүүлчдийн камер эвдэрсэн" хэмээн тэрбээр нэмж өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин