Халдвар гарснаас 100 жилийн дараа ХДХВ-ийн анхны өвчтөнийг олжээ

Канадын Шербрук их сургуулийн профессор, эрдэмтэн Жак Пепин Хүний Дархлал Хомстлын Вирусийн халдвартай анхны өвчтөний талаарх өвөрмөц таамаглал дэвшүүлжээ. Түүний өгүүлснээр, хүн энэ вирусийг халдсан анхны тохиолдол 1916 онд Камеруны зүүн хойд хэсэгт, Молунду бүсэд сармагчин агнах үеэр болсон гэнэ. Эрдэмтний таамаглалын талаар The Daily Mail мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Дэлхийн нэгдүгээр дайны үеэр тухайн үед Германы колони байсан, Камерунд Германы цэргийн эсрэг тулалдаанд оролцож байсан Франц, Бельги эсвэл Британийн цэрэг анхны өвчтөн байсан гэж эрдэмтэн таамаглаж байгаа аж.
"Цэргүүд Молундуд дараагийн довтолгоо хүртэл гурав, дөрвөн сар байсан. Тэнд дайсны сумнаас илүү өлсгөлөн хамгийн том хүндрэл байсан юм" хэмээн Пепин өгүүлжээ. Түүний үзэж байгаагаар, цэргүүдийн хүнс маш амархан дуусч, хүнстэй золгохын тулд сармагчин болон бусад амьтдыг агнахаас аргагүй болсон гэнэ.
"Нэг цэрэг ангийн үеэр халдвар авсан гэдэг дээр миний таамаглал үндэслэгдэж байгаа юм. Шимпанзе агнасан, өвчих үеэр цэрэг гар хуруугаа эсгэсэн нь халдвар авах нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үг" хэмээн эрдэмтэн мэдэгджээ.
Энэ цэрэг дайны дараа Леопольдвиль (өнөөгийн Конго улсын нийслэл Киншас)-д ирснээр өвчин халдаагч болж, улмаар тавиад оны эхээр 500 орчим хүн энэ өвчнийг тээгч болсон гэж Пепин таамаглаж байгаа аж.
Тухайн үед эмнэлгийн хэрэгслийн хангамж хомстолтой байсны улмаас тариурын зүүг давтан ашигладаг байсан нь ХДХВ халдвар тархах гол шалтгаан болсон гэдэгт эрдэмтэн итгэлтэй байгаа гэнэ. 1960 онд Конго тусгаар тогтнолоо олж авахад Леопольдвильд орон нутгаас шилжин суурьшигчдын урсгал эрс нэмэгдэж, ингэснээр вирус тархах таатай орчин бий болжээ. Түүнчлэн энэ үед хотод нэг эмэгтэйд 10 эр хүн ноогддог байсан нь биеэ үнэлэх явдлыг гаруулж, улмаар халдвар бэлгийн замаар тархах шалтгаан болсон гэнэ.
Пепиний онцолсноор, Леопольдвилиэс ХДХВ халдвар Конго даяар тархаж, дараа нь тус улсад ирсэн Гаитичууд халдвар авснаар хилийн чанадад тархсан байна. "Хэдэн жилийн туршид АНУЦ руу вирус тээгдэн очиж, ижил хүйстэн болон хар тамхичдын дунд тархан, улмаар тэндээсээ Баруун Европ руу халдварласан" хэмээн профессор өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ