Цөмийн хөтөлбөр Ким Жон Унд чухал байдгийн шалтгааныг дүрвэгч ярьжээ

img

Ким Жон Ун цөмийн хүчин чадлаасаа татгалзахгүй, харин Пхеньяны эдийн засагт хохирол учруулж буй олон улсын хоригийг сулруулахын тулд зэвсэглэлийг бууруулах хэлэлцээ хийхэд бэлэн байж болох юм гэж Кувейт дэх Хойд Солонгосын элчин сайдын үүрэг гүйцэтгэж байгаад дүрвэсэн Рю Хэн У  Си-Эн-Эн агентлагт ярьжээ.

 

"Хойд Солонгосын цөмийн хүчин чадал нь дэглэмийн тогтвортой байдалтай шууд холбоотой. Мөн Ким цөмийн зэвсгийг өөрийнхөө өнөөгийн байдлыг хадгалах гол түлхүүр гэж үзэж байгаа байх" хэмээн Рю Хэн У ярьсан байна. 

Мөн АНУ-ын өмнөх захиргаанууд цөмийн зэвсэггүй болохыг шаардсанаараа өөрсдийгөө буланд шахсан гэж Рю үзэж байгаа гэнэ. "АНУ цөмийн зэвсэггүй болгох шаардлагаасаа ухрахгүй, харин Ким Жон Ун цөмийн зэвсэггүй болж чадахгүй" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

 

Рюгийн өгүүлснээр, Хойд Солонгос цөмийн зэвсгээ бууруулах хэлэлцээ хийхэд бэлэн байж болох ч бүрэн татгалзах нь эргэлзээтэй гэнэ. Гэхдээ хориг арга хэмжээнүүд нь 2018 онд Ким хэлэлцээний ширээний ард Трампын хамт суухад нөлөөлсөн гэж Рю үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Хойд Солонгосын эсрэг тавьсан өнөөгийн хориг арга хэмжээнүүд маш хүчтэй, хатуу хориг. Эдгээр хоригуудыг үргэлжлүүлэх ёстой гэж би бодож байна" хэмээн Рю ярьжээ.

 

Түүнчлэн Трампын захиргаатай цөмийн хэлэлцээ хийх үеэр төдийлөн хөндөгдөөгүй хүний эрхийн тухай асуудлаас хөндийрч болохгүй хэмээн Рю мэдэгдсэн байна. 

 

" Пхеньян өөрсдийгөө социалист диваажин хэмээн нэрлэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаагаа няцаадаг. Хойд Солонгост үг хэлэх, жагсан цуглах эрх байхгүй. Иргэд нь гадагшаа явах эрхгүй. Кимийн дэглэм цэргийн олзлогсдыг хорьдог улс төрийн лагериудтай, тэдгээрт нь 120 мянга гаруй хүн байгаагийн дотор хүүхдүүд ч бий" хэмээн Рю Си-Эн-Эн агентлагт ярьжээ. 

 

Рю Хэн У нь сүүлийн жилүүдэд дүрвэсэн,  Хойд Солонгосын өндөр албан тушаалтнуудын нэг бөгөөд Өмнөд Солонгост ирээд Рю нэртэй болсон байна. Рю болон түүний гэр бүл 2019 оны есдүгээр сард Өмнөд Солонгос руу дүрвэсэн ч энэ талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт л олонд хүрчээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ улсын эсрэг дэлхийн нийтээрээ эдийн засгийн хориг тавьж кимийг ард түмэнтэй нь хамт өлсгөлөнгөөр үхүүлэх хэрэгтэй.
2021-02-01