Бүсгүйчүүд Мэрилон Мэнсоныг хүчирхийлэлд буруутгаж, Мэнсон гэрээгүй үлдэв

img

Америкийн рок дуучин Мэрилон Мэнсон хүчирхийллийн хэрэгт холбогдож, нэр хүнд, цаашдын уран бүтээл нь ихээхэн эрсдэлд орсон талаар ВВС, NBC зэрэг эх сурвалжууд мэдээлжээ. 

Тодруулбал, Америкийн жүжигчин Эван Рейчел Вуд Мэнсонтой амрагийн харилцаатай байх үед нь дуучин түүнийг гурван жилийн туршид "аймшигтайгаар гутаан доромжилдог байсан" хэмээн мэдэгджээ. Тэдний харилцаа  2007 оноос эхэлж, 2010 онд сүй тавьсан ч тэр жилдээ хоёр тийш болцгоосон аж.

Өмнө нь Вуд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа ярьж байсан ч үүнд хэн буруутай болох талаар тодорхой ярьж байгаагүй гэнэ.

"Намайг гутаан доромжилдог байсан хүн бол  Брайан Уорнер буюу дэлхий даяар Мэрилэн Мэнсон гэдгээрээ алдартай хүн. Тэр намайг өсвөр насны охин байхад л гуйж гувшиж, ятгадаг байсны дээр олно жилийн туршид намайг аймшигтайгаар гутаан доромжилдог байсан. Тэр намайг захирч, удирддаг байсан юм" хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ.

 

"Надаас хариугаа авч, сүрдүүлж, эсвэл элдвээр хэлэх  болов уу гэж цаашид айж суухыг хүсэхгүй байна. Тэр өөр нэгний амьдралыг сүйтгэх эхлэхээс нь өмнө энэ аюултай хүний үнэн царайг илчилнэ. Цаашид амаа хамхих хүсэлгүй олон хохирогчтой санаа нэгтэй байгаагаа илэрхийлж байна" хэмээн Эван Рейчел мэдэгджээ. 

 

Рейчелээс гадна өөр хэд хэдэн бүсгүй Мэнсоныг буруутгасан мэдэгдлийг олон нийтийн сүлжээгээр хийсэн байна. 

Мэнсоныг юунд буруутгав? 

 

Мэнсонтой холбогдож байсан бусад эмэгтэйчүүд ч Эван Рейчелийн мэдэгдлийн дараа өөрсдөд нь тохиолдсон аймшигтай дурсамжийг хуваалцсан байна. Тэдний нэг болох хувийн туслахаар ажиллаж байсан Эшли Уолтерс гэх эмэгтэй ч мөн түүнийг буруутгажээ. Эшлигийн өгүүлснээр, Мэнсон байнга хүчирхийлэл үйлддэг, хэн нэгэн рүү таваг болон бусад хүнд зүйлс байнга шиддэг байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй туслах эмэгтэйгээ өөртэй нь хамт ажилладаг хүмүүстэй секс хийх "бэлэг болгон өгөх"-ийг санал болгодог байсны дээр хамтран ажиллахаа больсны дараа ч араас нь утсадаж, хянаж цагддаг байсан гэнэ. Үүний улмаас гэмтлийн дараах синдром, депресст орсон гэж Уолтерс ярьжээ. 

 

SourGirrrl гэдгээрээ алдартай Габриэллаг Мэнсон хэдэнтээ хүлж, хүчиндэж байсан гэж бүсгүй мэдэгджээ. Түүний өгүүлснээр Мэнсон хамт хар тамхи хэрэглэхийг шаардаж, "цусан гэрээ" үйлдэхийг шаардан хагархай шилээр гарыг нь зүсч байсан гэнэ. Тэдний харилцааны улмаас амиа хорлохыг оролдсон тул зул сарын баяраар эмнэлэгт хэвтэж байсан гэж Габриэлла  ярьжээ. Түүний өгүүлснээр мөн л сэтгэлзүйн гэмтлийн синдромтой болж, өнөө хэр нь шөнө хар дарж зүүдэлдэг гэнэ. 

 

Загвар өмсөгч Сара Макниллигийн өгүүлснээр Мэнсон нэгэн удаа түүнийг хананд шахаж, нүүрийг нь бейсболын цохиураар цохиж гэмтээнэ хэмээн сүрдүүлжээ. Мэнсон түүнийг өрөөнд түгжин, олон цаг гаргадаггүй байсан гэнэ. Сара мөн л сэтгэлзүйн гэмтэлтэй болж, сэтгэц нь өөрчлөгдсөн хэмэн мэдэгдсэн байна.

 

Харин жүжигчин Эшли Линдси Морганы өгүүлснээр Мэнсон түүнийг унтах, идэх, гэрээс гарахыг зөвшөөрдөггүй байжээ. Мэнсон түүний биеийг зүсэж, түлж тамладаг байсан гэнэ. Бүсгүй одоо хэр нь хар дарж зүүдэлдэг хэмээн ярьсан байна. 

Loma Vista Recording Мэнсонтой хамтрахаа зогсоов 

Мэнсоныг ийнхүү хүчирхийлэлд буруутгагдсаны дараа Loma Vista Recording  рок дуучин мэрилэн Мэнсонтой хамтран ажиллахаа зогсоож байгаа талаараа мэдэгджээ.

 

"Эван Рейчел Вуд болон бусад эмэгтэйчүүд Мэрилэн Мэнсоны хохирогч болсон талаараа зарласны дараа Loma Vista Мэнсонтой хамтран ажиллах, цомгийг нь сурталчлах ажлаа  нэн даруй зогсоож байгаагаа мэдэгдэж байна" хэмээн Twitter хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн  Loma Vista Recording цаашид ч Мэрилэн Мэнсонтой хамтарч ажиллах бодолгүй гэдгээ илэрхийлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Харахаас гаж амьтан
2021-02-02