НӨАТ-ын сугалаанаас "но" илэрсэнгүй

ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалааны ээлжит /2020.01.24/ тохиролын явцад хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын дүнг энэ долоо хоногт нэгтгэн Монгол Улсын Шадар сайдад сугалааг зогсоох саналыг хүргүүлэхээр төлөвлөсөн талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн. Тус шалгалтын дүн гарчээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:
Нэгдүгээрт, сугалааны бөмбөлөгийг гаргаж буй тоног төхөөрөмж, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг Стандарт хэмжил зүйн газартай хамтран хянасан ба зөрчил илэрсэнгүй.
Хоёрдугаарт, И-баримтын сугалааны хонжвороос Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн албан хаагчид нийтлэг их дүнтэй хонжвороос хождог гэх асуудалд цагдаагийн байгууллагаас харилцан хамаарлыг судлан шалгахад дээрхи нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Тухайлбал, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилчдаас 2018-2020 онд 47 алба хаагч, давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3,830,000 төгрөгийн хонжвор хожсон бөгөөд хамгийн өндөр дүнтэй тохирол нь 4 удаагийн тохирлын нийлбэр дүнгээр 310,000 төгрөг байна.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 74, одоо ажиллаж байгаа 65 нийт 139 алба хаагчдын гэр бүлийн хамааралтай 961 иргэдийн судалгааг гаргаж, 10 саяаас дээш дүнтэй хонжвор таарсан, 10 буюу түүнээс дээш удаа хонжвор таарсан, 2,0 сая болон түүнээс дээш дүнгээр 2 буюу түүнээс дээш хонжвор таарсан иргэдийн мэдээлэлтэй тулгаж шалгахад өмнө ажиллаж байсан ажилтны авга эгч болох 1 иргэний 40,0 сая төгрөгийн хонжвор нэг удаа таарсан байна.
Гуравдугаарт, Мэдээлэл технологийн хяналтын хэрэгжилт сул байх ба аудит логийг 2020 оны 7 дугаар сараас эхлэн хадгалсан байна. Мөн түүнчлэн одоогийн мөрдөж буй Мэдээллийн аюулгүй байдлын дотоод журамд шаардлагатай өөрчлөлтийг оруулж ажиллах шаардлагатай байна гэж үзлээ" гэв.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг холбогдох байгууллагуудад илгээж, хэрэгжилтийг хангуулах шаардлагатай гэж үзсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ