С.Амарсайхан: Хөл хорионы үеэр халдварыг 3-4 дахин бууруулна

УОК хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. УОК-ын хуралдаанаар 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.
Шадар сайд С.Амарсайхан:
-Засгийн газраас цар тахлын энэ цаг үеийг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг цогц хөтөлбөрийг боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Цагаан сарын баяраар хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Цар тахал цаашид хүндэрч болзошгүй нөхцөл байдалд байна. МУИС, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн тооцоолол, үнэлэлт дүгнэлтэд үндэслэж хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Цагаан сараар халдвар тархах эрсдэл өндөр байна.
Хөл хорионы үеэр халдварыг 3-4 дахин бууруулна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй халдварын голомт байна. Олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлана. "Нэг хаалга нэг шинжилгээ" зохион байгуулна. ААН-үүд халдвар хамгааллын дэглэм сахиулан хэвийн үйл ажиллагаанд шилжих бэлтгэлийг энэ хугацаанд хангана. Цаашид тэмдэглэлт, олон нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүдээс бусад өдрүүдэд хорио цээр тогтоохгүйгээр үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж ажиллана гэж төлөвлөж байгаа. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлыг хэн ч тааж мэдэхгүй орчинд байна.
Хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл хугацаанд эрүүл мэндийн салбарын 280 баг ажиллана. 420 мянган өрхөөс шинжилгээ авна. Өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ. Шинжилгээний нийт 73 цэг байгуулна. Шаардлагатай үед хөдөлгөөнт шинжилгээний цэгийг ажиллуулна. Эмнэлгийн үйлчилгээ, эмийн сан, зөөврийн ус, түлш, хүнс ахуйн хэрэглээний барааны худалдан авалт, буян ажил зөвшөөрөгдөнө.
Өрхийн нэг гишүүн зөвшөөрсөн үйлчилгээг гэрт хамгийн ойр байрлах цэгээс авах буюу QR код заавал уншуулна. Өөрийн оршин суугаа газар, дүүргийн хил хязгаар дотор хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүл, ойр дотны хүмүүс оролцоно. Нийтийн тээвэр үйлчлэхгүй. Зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд, эрчим хүч, төрийн тусгай алба, төрийн байгууллага, бусад салбарын үйл ажиллагаа эрэмблэглэж ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ