В.Ганзориг: Орчныг нь бүрдүүлбэл даунтай хүмүүс сайхан амьдрах боломжтой

Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзоригтой ярилцлаа.
-Бид Монголын дауны холбооны дэргэдэх хөдөлмөр сургалтын төвд байна. Тиймээс энэ төвийг байгуулах санаа юунаас үүдэв гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Монголын дауны холбооны дэргэдэх хөдөлмөр сургалтын төв нь эцэг эх, хүүхдүүд хамтарч ажиллах, тэдгээрийн ур чадварыг нэмэгдүүлэх, бие дааж амьдрах амьдралд нь бэлтгэх, ажлын байранд шаардлагатай үндсэн суурь чадваруудыг эзэмшүүлэх зорилготой юм. Цаашлаад ажиллаж суралцсаны дараа нь ажлын байранд зуучилж гаргах боломжтой. Даунтай хүний онцлог нь оюуны хөгжлийн хувьд удаашралтай байдаг. Эхлээд туршилтын журмаар кофе шоп ажиллуулж эхэлсэн. Манай кофе шопоор олон хүн үйлчлүүлсэн. Тиймээс бид сургалт зохион байгуулж өргөжүүлж байлаа. Мөн олон газруудтай ажлын байрны талаар ярилцаж байсан. Коронавирус цар тахлаас өмнө 10 гаруй даунтай хүүхэд тэдгээрийн эцэг эх ажиллаж байлаа. Бид кофе шоп хүнд хөдөлмөр биш учраас сонгосон. Барууны улсад Даунтай иргэдийг ажиллуулдаг алдартай кофе шоп олон байдаг. Жишээлбэл, Японд “Хар хүн” гэдэг сүлжээ кофе шоп бий. Улсаас нь дэмжлэг үзүүлж тухайн даунтай хүн ажиллуулж байгаа газраас татвар авдаггүй. Бидний мөрөөдөл ирэх жилүүдэд бизнес болон төрийн түвшинд эдгээр шийдэл, бүтцийг бий болгохыг зорьж байгаа.
-Иргэд дауны хам шинжийн талаар зөрүү ойлголттой байдаг. Тодруулбал, дауны хам шинжийг өвчин гэж ойлгодог?
-Даун бол өвчин биш. Хромосомын өөрчлөлттэй, генийн онцлогтой л хүн. Тодруулбал хүний 21 дэх хромосом гурав болохыг хэлнэ. Одоогоор үүний тайлал, эмчилгээ байхгүй байна. Даунтай хүмүүс энгийн хүнээс биеийн болон оюуны хөгжлийн тухайд хоцрогдолтой байдаг. Харилцан адилгүй. Гэхдээ манай холбоонд англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Мөн Төвд хэлд суралцаж байгаа хүмүүс олон байна. Өөрөөр хэлбэл ялгаатай чадварыг нь ойлгоод тухайн даунтай хүнд тохирох сургалтын арга барилаар сургавал энгийн хүнээс дутахгүй ажиллаж амьдарч чадна гэдэг нь тогтоогдсон. Гэтэл ихэнх хүмүүс үүнийг ойлгодоггүй өвчин, дундаж нас бага, удамшдаг зэрэг олон худал мэдээлэл авдаг. Тиймээс бид “Дауны хам шинжийн тухай” эцэг эхийн гарын авлага ном гаргасан. Уг гарын авлагад дауны талаарх түгээмэл асуултуудад энгийн ойлгомжтойгоор хариулсан бөгөөд даунтай хүүхдүүд, тэдний гэр бүлтэй ярилцлага бэлтгэн оруулсан. “Дауны хам шинжийн тухай” эцэг эхийн гарын авлага номыг уншихын зэрэгцээ мэргэжлийн байгууллагаас мэдээллээ авч байгаарай гэж хүсмээр байна.
-Дауны хам шинжийг хэдий хугацаанд оношлох боломжтой вэ? Манай улсад оношилдог уу?
-Өндөр хөгжилтэй орнуудад дауны хам шинжтэй эсэхийг хүүхэд урагт бүрэлдэж байх хугацаанд оношлох боломжтой. Гадны улс орон гэлтгүй монголд ч хүүхэд төрөхөөс өмнө даунтай эсэхийг тогтоох боломжтой болсон. Тухайлбал, эхогоор харж магадлалтай эсэхийг тогтоох боломжтой байдаг. Мөн хүүхдийг төрсний дараа цуснаас шинжилгээ авдаг. Англи улсын жишээг уншиж байсан юм. Тодруулбал, өндөр хөгжилтэй улс оронд саяхныг хүртэл хүүхэд нь дауны хам шинжтэй бол үр хөндөлтийг сонгодог байсан. Тэгвэл өнөө үед “манай гэр бүлд бурхнаас өгч буй бэлэг” гэж хүлээн авч төрүүлдэг соёл үүссэн байна. Тиймээс бид хандлагаа өөрчилж, ялгаатай хөгжлийг хүлээн зөвшөөрч, орчныг нь бүрдүүлж өгвөл даунтай хүмүүс хэнээс ч дутахгүй сайхан амьдрах боломжтой гэдгийг нь ойлгуулахыг хүсэж байгаа юм.
Монголын Дауны холбоо байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байна вэ?
-Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээ нарийн тоолж байгаагүй юм байна./инээв/ Монголын Дауны холбоо байгуулагдсан цагаас эхлэн эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт гэсэн гурван зүйлийг чухалчилж ажиллаж байна.
Манай Дауны холбооны эрхэм зорилго нь Монгол Улсын даунтай иргэн бүрийг татвар төлөгч болгох зорилготой. Татвар төлнө гэдэг тодорхой орлоготой, ажил хийдэг байна гэсэн үг. Ажил хийхийн тулд сурч боловсорсон байх ёстой. Сурч боловсрохын тулд эрүүл байх хэрэгтэй.
Тиймээс Эрүүл мэндийн чиглэлээр Япон, Израиль, Малайз зэрэг олон улсын мэргэжилтнүүдтэй хамтарч ажилласан. Олон сургалт зохион байгуулсан.
Боловсролын салбарын тухайд 25-р сургуульд дауны кабинет байгуулж, Япон улсаас хоёр жилийн хугацаатай хоёр багш урьж авч ирээд туршлага судалж, хичээл заалгасан. Сайн зүйл гэвэл улсын болон хувийн бүхий л энгийн сургуульд ялгаатай хөгжилтэй хүүхдүүд суралцах боломжтой болсон. Харин одоо багш нарыг сургах хэрэгтэй байна.
Ажил эрхлэлтийн тухайд манай холбооны н.Номулан охин “Шангри-Ла”-д ажиллаж байна. Оюутолгойн гүний уурхайд ажилладаг томоохон инженерийн компани даунтай долоон хүүхдийг ажлын байраар ханган ажиллуулж байгаа. Одоогийн байдлаар 10 гаруй хүн ажлын байртай болсон байна.
Таны хувьд Японы Засгийн газрын тэтгэлгээр 2020 онд сургалтад хамрагдаад “Дауны хам шинжийн тухай” эцэг эхийн гарын авлага номыг гаргалаа. Хэдэн ширхэг хэвлэгдэн гарч байгаа вэ?
-“Дауны хам шинжийн тухай”эцэг эхийн гарын авлага 10000 хувь хэвлэгдэн гарлаа. Жайкагаас жил бүр 300-400 хүнийг сургалтад хамруулдаг. Анх уг хөтөлбөрийн талаар мэдээлэлгүй байсан. Маш олон чиглэлээр сургалт болдог юм билээ. Миний хувьд 45 хоногийн сургалтад хамрагдсан. Өндөр хөгжилтэй улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн анхаардаг, ялгаварлан гадуурхахгүй, өрөвдөхгүйгээр харилцдаг зэргийг нүдээр харж ирлээ.
Сургалтад сууж эх орондоо ирээд Жайкагийн байгууллагад тайлангаа тавьж, төлөвлөж буй ажлаа танилцуулсан. Ингээд Жайкагаас ном хэвлэх төсөлд дэмжлэг авах боломжтой болсон. Цаашид бид онлайн хичээл бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.
-Жил бүрийн 3 сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр болгон тэмдэглэдэг. Монголын Дауны холбооноос энэ өдрийг угтаад төлөвлөсөн ажил бий юу?
-Монголын Дауны холбоонд гишүүнчлэлтэй 500 гаруй хүн бий. НҮБ-аас 3 сарын 21-нийг дэлхийн Дауны өдөр болгон тунхагласан. Дэлхийн улс орнууд энэ өдрөөр олон арга хэмжээ зохион байгуулдаг. Манай улс сүүлийн 8 жилийн хугацаанд энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг хамгийн том түнш болох “Шангри-Ла” зочид буудалтай хамтарч тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд “Шангри-Ла”-тай зочид буудалтай ярилцаж баяр тэмдэглэдэг санхүүжилтээр орон нутагт сургалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Одоогоор 21 аймгийн 70 хувьд нь сургалт зохион байгуулсан байна. Коронавирус цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байгаа.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ