ШУУД: 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.04/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 16960 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байна. Мөн Улаанбаатар хотод хоёр голомт шинээр үүслээ.
Тухайлбал, "Монгол шир" хувьцаат компанитай холбоотой голомт үүссэн. Тус компанийн нэг ажилтан хоёрдугаар сарын 01-нд онош батлагдаж ХӨСҮТ-д ирсэн. Тухайн хүний ойрын хавьтлын 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тандалт судалгаа үргэлжилж байна.
Нийслэлийн Амгалан амаржих газар газар хоёр тохиолдол батлагдлаа. НЭМҮТ-ийн эгзэгтэй цэгийн шинжилгээг 234 хүнд хийхэд хоёр хүнд коронавирус илэрсэн. Нэг нь тухайн амаржих газрын ажилтан байгаа. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1054 болжээ.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1380 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 6 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1890 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1398 байгаа. Өнөөдрийн байдлаар 479 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 395 хүн хөнгөн, хүндэвтэр 82, хүнд 1, маш хүнд 1 хүн байгаа. Үүнээс ХӨСҮТ-д 208 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүндэвтэр 44, хөнгөн 163 хүн бий. Цэргийн төв эмнэлэгт 140 хүн эмчлүүлж байгаа. Үүнээс хүнд 1, хүндэвтэр 37, хөнгөн 102 хүн эмчлэгдэж байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 130 хүн эмчилгээ тандалтад байгаа.
"Монгол шир" компаниийн батлагдсан 18 хүний гэр зургаан дүүргийн 12 хороонд байна. Тодруулбал,
- Баянзүрх дүүргийн дөрвөн хороо
- Баянгол дүүргийн хоёр хороо
- Сүхбаатар дүүргийн нэг хороо
- Чингэлтэй дүүргийн нэг хороо
- Хан-Уул дүүргийн гурван хороо
- Сонгинохайрхан дүүргийн таван хороонд өвчлөл шинээр бүртгэгдэж байна гэсэн үг.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ