ДЭМБ-ын шинжээч: Уханийн лабораториос вирус алдагдана гэж төсөөлөхөд бэрх
Өдгөө дэлхий дахиныг хамарсан цар тахлыг бий болгосон коронавирусийн үүслийг судлахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид вирус анхлан дэгдсэн Хятадын Ухань хотод ажиллаж байгаа юм.
Шинжээчид ажлынхаа явцад, ажилтнууд нь анхлан вирусийн халдвар авсан байж болзошгүй Ухань хотын зах болон вирус судлалын лабораториор орсон байна. Уханийн вирус судлалын лабораторитай танилцсаныхаа дараа шинжээчдийн багт багтах Оросын төлөөлөгч, Санкт-Петербургийн тахал судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Владимир Дедков "лабораторид вирус алдагдсан гэж төсөөлөхөд хүнд юм" хэмээн мэдэгджээ.
"Энэ байгууллагатай танилцаж, зохион байгуулалт ямар байгааг харан, тэндэхийн ажилтнуудтай уулзах нь манай багийн ажилд нэн чухал байлаа. Бүх зүйл маш сайн зохион байгуулалттай юм байна. Тэднийг хэн шүүмжилснийг мэдэхгүй юм, гэхдээ лабораторийг дээд зэргээр магтах ч багадна. Эндээс ямар нэг зүйл алдагдана гэж төсөөлөхөд бэрх" хэмээн Дедков РИА Новости агентлагт ярьжээ. Түүний өгүүлснээр, вирус алдагдсан гэж таамаглаж болох хэдий ч ийн таамаглах үндэслэл тэнд огт алга байсан гэнэ.
Харин зах дээр вирус тархах бүхий л нөхцөл байгааг Дедков онцлоод гэхдээ энэ нь вирус тэнд үүссэн гэсэн үг биш хэмээн тодотгожээ.
"Бид зах дээр очсон. Хятадын эрүүл ахуйн журам ямар байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ манай дүрэм журмын үүднээс харвал захын худалдааны нөхцөл нэн асуудалтай. Эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдөөгүй бол аливаа төрлийн халдвар тархах бүхий л нөхцөл бүрддэг " хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ