Ангела Меркель: Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна

Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгааны оргил үеийг туулсан, гэсэн ч нөхцөл байдал хүнд хэвээр байна хэмээн Германы канцлер Ангела Меркель RTL, NTV сувгуудын эфирээр мэдэгджээ.
"Би хонгилын үзүүрт бүдэгхэн гэрэл харж байна, гэхдээ цаг үе маш хүнд байна" хэмээн Ангела Меркель цохон тэмдэглэсэн байна. Түүний өгүүлснээр дэлхий дахин 100 жил тулгараагүй асуудалтайгаа нүүр тулсан, хамгийн сүүлд Испани ханиадын цар тахал байсан гэнэ.
Германд үйлчилж буй хөл хориог энэ сарынх 14-ний өдөр цуцлах эсэх талаар сэтгүүлч асуухад канцлер тодорхой хариулт өгөөгүй байна. Хоосон найдлага төрүүлэлгүй, бодит байдлаа ухамсарлахыг тэрбээр уриалжээ. Меркелийн үзэж байгаагаар сүүлийн өдрүүдэд эерэг хандлага ажиглагдаж байгаа ч нөхцөл байдалд бэлэн, хянамгай байх ёстой гэнэ. Болж буй үйл явдал хүн ам болон улс төрчдийн зүгээс "дээд зэргээр уян хатан байхыг шаардаж байна" хэмээн Ангела Меркель мэдэгджээ.
Тэрбээр өнгөрсөн сарын сүүлээр хөл хориог дахин сунгаж байгаа тухайг дуулган мэдэгдэл хийхдээ Германд дунд сургуулиуд хичээллэхгүй байгаагаас үүдсэн сөрөг үр дагавар ихээр гарч буйг хүлээн зөвшөөрч байлаа.
Гэсэн ч тэрбээр "Одоо сургуулийн тухай ярих цаг биш, харин эмнэлгүүд болон түргэн тусламжийн ачааллыг хэрхэн хэтрүүлэхгүй байх талаар бодох нь чухал. Бид ийм байдлаас ямар ч үнээр хамаагүй зайлсхийх хэрэгтэй" хэмээн Ангела Меркель мэдэгдэж байв.
Германд тавьсан хориг
Өнгөрсөн сарын сүүлээр хөл хориог дахин сунгаснаар Германы оршин суугчид сарын туршид зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ харьцах, харин гадагш гарсан нөхцөлд ганц л хүнтэй харьцах боломжтой аж. Нийтийн хоолны үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагуудыг хаасан, гэхдээ авч явах болон хүргэлтийн хоол гаргахыг зөвшөөрчээ.
Зорчих хөдөлгөөнийг ч хязгаарлан, нэг тойрогт 100 мянган хүн амд ноогдох халдварын тохиолдол долоо хоногийн туршид 200-аас дээш бүртгэгдвэл тухайн бүсд амьдрах иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээсээ 15 км-ээс дээш зайнд холдохыг хоригложээ.
Хилийн чанадаас ирж буй хүмүүст тавих шаардлага хэвээр үргэлжилж, халдварын дэгдэлтийн эрсдэлтэй орнуудаас ирэх иргэд Германруу орж ирэхдээ эсвэл ирэхээсээ 48 цагийн өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэнэ. Түүнчлэн хилийн чанадаас ирсэн иргэд 10 хоногийн тусгаарлалтад байх бол коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарвал тав хоног тусгаарлагдах аж.
Эмийн сан, өдөр тутмын амьдралд шаардлагатай бараа бүтээгдэхүүний дэлгүүрээс бусад дэлгүүр худалдааны төвүүд, үсчин, гоо сайхны салонууд хаагджээ.
Тахлын үеийн эдийн засгийн дэмжлэг
Германы эрх баригч нам цар тахлын улмаас хохирсон эдийн засгийг сэргээх шинэ тусламжийн багц гаргахаар болсон талаар хоёрдугаар сарын дөрөвний өдөр мэдэгдсэн юм.
Тусламжийн багцад, нэг удаагийн тэтгэмж багтсан бөгөөд өрхүүд хүүхдийнхээ тоогоор тус бүр 150 еврогийн тусламж авах аж. Бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлтийн хугацааг сунгаж, соёл урлагийн салбарт зориулан нэмэлтээр тэрбум евро төсөвлөх бол цар тахлын улмаас хохирол амссан бизнест татварыг бууруулах арга хэмжээ авах юм байна.
Өнгөрсөн онд Германы ДНБ 5 хувиар буурсан бөгөөд 2009 оны санхүүгийн хямралын үеэр энэ үзүүлэлт 5.7 хувьд хүрч байсан гэж Германы Холбооны статистикийн газар мэдэгдэж байлаа. Гэхдээ Европын бусад орнуудтай харьцуулахад Германы эдийн засаг 2020 оны хямралыг сайн даван туулсан гэж Стастикийн газрын тэргүүн онцолж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ