Урьдчилж цаг захиалаагүй бол дараалалгүй байсан ч шинжилгээ авахгүй

Коронавируст халдварын PCR шинжилгээ өгөхөөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороонд байрлах "Сонгинохайрхан 12-р байнгын цэг"-т очлоо. Өмнө дугаарласан насжуу эр урьдчилан цаг авалгүй иржээ. Бид хоёроос өөр дугаарласан хүнгүй, заал хоосон байсан ч бүртгэл хийж буй хоёр ажилтан өмнөх хүнийг халгаасангүй. "Та заавал цаг авч байж шинжилгээ өгөх ёстой".
Энэ үг сайх эрийн омгийг бадрааж орхилоо. "Тэр шинжилгээний цагийг чинь хаанаас яаж авах юм, цаг олдохгүй байна. Хэн ч байхгүй байхад би өгчихөж яагаад болдоггүй юм" хэмээн цамнав. Хоёр ажилтан "Бид цаг аваагүй хүнд үйлчлэх боломжгүй. Дээрээс ийм заавартай юм чинь яах билээ" гэж даруухан хариулж загнуулсаар суулаа. Миний хувьд хоёр хоногийн өмнөөс цаг авсан тул асуудал гарсангүй.
Уурссаар гарч одсон эрийн бухимдалд хариулт хайж хэрхэн шинжилгээ өгөх цаг авах, хариугаа харах мэдээлэл бэлтгэхээр зорилоо.
Алхам 1:
Eruul.gerege.mn/public/eruul сайтад хандан "Цаг авах" гэсэн цонхийг сонгон регистрийн дугаараа оруулан шинжилгээ өгөх цагаа авна. Мөн 77773773 утсаар холбогдон урьдчилан цаг авах боломжтой юм. "Гэрэгэ" аппликейшныг татан гар утсандаа суулгаж "COVID-19" цэснээс цаг авах, хариу харах, цаг цуцлах боломжтой.
АЛХАМ 2:
Eruul.gerege.mn/public/eruul сайтад хандан "Хариу авах" гэсэн цонхийг дарж регистрийн дугаараа оруулан шинжилгээний хариугаа хэвлэн авах боломжтой. Мөн шинжилгээ өгөхдөө бүртгүүлсэн таны гар утсанд хариуг зурвасаар илгээдэг.
Иргэн та энэ дарааллаар PCR шинжилгээ өгөх цаг авах, хариугаа харах боломжтой. Түүнээс "Цаг авсан хүнээс л шинжилгээ авна шүү" гэсэн заавар журмын дагуу ажлаа л хийж суугаа албан хаагчдад бухимдаад үр дүнд хүрэхгүй. Учир нь тэдэнд дур мэдэн цаг аваагүй хүнд үйлчлэх эрх байхгүй.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ