Францад үндэсний хэмжээний ажил хаялт эхэлжээ

Францад төрийн байгууллагуудын ажилтнууд үндэсний хэмжээний ажил хаялт эхлүүлсэн талаар Франс-Пресс агентлаг мэдээллээ.
Төрийн байгууллагуудын ажилтнууд цалин хөлс нэмэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардан, коронавирусийн цар тахлын нөхцөлд төрийн дэмжлэг хангалтгүйг шүүмжилж байгаа аж.
Пүрэв гарагт Франц даяар эхэлсэн ажил хаялтыг тус улсын томоохон үйлдвэрчний эвлэл болох Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо зохион байгуулж, бусад үйлдвэрчний эвлэлүүд, түүнчлэн оюутан, залуусын байгууллагууд ч нэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Парисын гудамжаар олон мянган ажилтан жагсаж, хотын төвөөр алхаж, гартаа "Ажлын байр, цалин, ажлын цаг, тэтгэвэр. Нийгмийн хангамжийг сэргээцгээе" гэсэн бичиг барьсан байжээ. Жагсагчид цар тахлын дараа эдийн засгийг сэргээх үндэсний төлөвлөгөөний хүрээнд боловсрол, нийгмийн үйлчилгээнд илүү их хөрөнгө зарцуулахыг засгийн газартаа уриалсан байна. Түүнчлэн цар тахлын үед эрс өссөн ажилгүйдлийн түвшний талаар ч хөндөж, цаашид ажлын байр багасахаас сэргийлэхийг Засгийн газартаа хандан уриалжээ
Энэ жагсаал тайван болж өнгөрсөн бөгөөд жасаалын зарим оролцогчид пиротехник асаах тохиолдол гарсан ч Парист болсон жагсаалын үеэр ноцтой зөрчил, цагдаагийнхантай мөргөлдсөн хэрэг гараагүй гэж Франс-пресс дамжуулсан байна. Харин зарим хотод, тухайлбал Ренн хотод цагдаагийнхан жагсагчдыг усан буу, нулимс асгаруулагч хий ашиглан тараасан гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ