"Жонсон энд Жонсон" вакцинаа АНУ-д ашиглах зөвшөөрөл хүсчээ

img

"Жонсон энд Жонсон" компанийн боловсруулсан коронавирусээс сэргийлэх вакциныг АНУ-ын нутаг дэвсгэрт түргэвчилсэн байдлаар ашиглах зөвшөөрөл авахаар тус компани холбогдох хүсэлтээ Америкийн Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн эрүүл ахуйн хяналтын газарт гаргажээ. Одоогоор тус улсад Америк, Германы хамтарсан Пфайзер/Бионтеч болон Модернагийн вакциныг ашиглахыг зөвшөөрсөн байгаа юм. 

 

"Коронавирусээс сэргийлэх манай туршилтын нэг удаагийн вакциныг шуурхай ашиглах зөвшөөрөл хүсэн өнөөдөр өргөдөл гаргасан явдал нь дэлхий даяарх хүмүүст өвчний хүндрэлийг бууруулах, цар тахлыг зогсооход чухал алхам юм" хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ.

 

Вакциныг нь зөвшөөрвөл тэр даруйд нийлүүлэлтээ эхлэх боломжтой гэж "Жонсон энд Жонсон" компани мэдэгдсэн байна. Түүнчлэн Европын холбооны нутаг дэвсгэрт энэ вакциныг ашиглах зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа хэмээжээ.

 

Энэ компанийн боловсруулсан вакцин нь нэг тунгаар буюу нэг л удаа тариулдаг бөгөөд АНУ болон өөр долоон оронд явуулсан гурав дахь шатны туршилтаар  вакцины үр дүн 66 хувьтай гэж гарсан байна. Харин өвчний хүндрэлээс сэргийлэх тал дээр энэ вакцин 85 хувийн үр дүн үзүүлжээ.

 

Туршилтын үр дүн улс орнуудад харилцан адилгүй байсан гэнэ. Тухайлбал АНУ-д вакцин 72 хувийн үр дүнтэй гэж гарсан бол коронавирусийн хувьссан штамм бүртгэгдсэн ӨАБНУ-д 57 хувийн үр дүн үзүүлжээ. Дэлхий даяар вакцин нэн хангалтгүй байгаа энэ үед хоёр биш ганц л тунгаар тарьдаг энэ вакцин дэлхий дахинд нэн шаардлагатай гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Энд дуулгахад, АНУ-д 2020 оны 12 дугаар сарын сүүлээр коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажил эхэлсэн юм. 2021 оны нэгдүгээр сарын сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден вакцин хүн амд хүрэлцэхгүй байгаа хэмээн мэдэгдсэн ч Ерөнхийлөгчийн ажлын эхний 100 хоногт багтаан 100 сая иргэнийг вакцинд хамруулах, зуны сүүл гэхэд бүх хүн амаа вакцинд хамруулна хэмээн амалсан юм. Сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад коронавирусийн халдварын тохиолдол 26.6 саяыг давсан бол халдвараар үүсгэгдсэн өвчний хүндрэлийн улмаас 455 мянган хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ