Амны хаалтны хаягдлыг зам барихад ашиглана

Австралид ашигласан амны хаалтуудыг дахин боловсруулж, зам барихад ашиглахаар болжээ. Ингэснээр цар тахлын үед үүссэн асар их хаягдлаас салах боломжтой гэж Science of the Total Environment сонин мэдээлсэн байна.
Тодруулбал, Мельбурны хатан хааны технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ашигласан амны хаалтуудыг жижиглэн барилга нураахад гарсан, дахин боловсруулсан бетоны хамт замын материалд хийж ашиглах санаа гаргажээ. Амны хаалт ашигласан зам илүү бат бэх болно гэж үзсэн байна. Түүнчлэн төсөвт хэмнэлттэй бөгөөд ердийн материалд зарцуулдагаас 30 хувь хямд байна гэж тооцоолжээ.
Мөн ингэснээр амны хаалтны хаягдал болон барилгын хогийг устгах гэсэн хоёр асуудлыг шийдэх боломжтой хэмээн онцолжээ. Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, ийм материалаар хийсэн зам иргэний барилгын аюулгүй байдлын стандартуудад бүрэн нийцэх гэнэ.
НҮБ-ын мэдээлснээр, дэлхий дахинд өдөр бүр 6.8 тэрбум нэг удаагийн амны хаалт ашиглагдаж байгаа гэнэ. Үүнээс 75 хувь нь хогийн цэг эсвэл далай тэнгист хаягдана гэсэн таамаглал гарчээ.
Харин энэ асуудлыг хөнгөвчлөхөд дээрх арга тус болох бөгөөд 2 эгнээтэй 1 км зам барихад 3 сая амны хаалт шаардагдах аж. Ингэснээр 93 тонн хог байгальд хаягдахаас сэргийлэх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ