Л.Оюун: Уучлаарай, аав ээждээ хайргүй бол очиж золгох байх

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд эдийн засагч Л.Оюун оролцож мэдээлэл өгөв.
Тэрбээр:
-Эдийн засгийн байдал маш хүнд байна. Цаашид ч хүндрэнэ гэдгийг судалгаанд үндэслэн ард, түмэндээ хэлье. Учир нь өвчний тархалт өргөн хүрээтэй болж байна. Сар шинийн баярын үеэр хөл хориог 12 хоног тогтоох шийдвэрийг УОК-оос гаргасан. Энэ хөл хориог жинхэнэ утгаар нь хөл хориотой байлгах хэрэгтэйг анхааруулмаар байна. Дэлгүүр хоршоо, үйлчилгээний газарт хөл ихтэй. Ууц, тавгийн боов, бусад зүйлийн худалдан авалтыг харахад сар шинийн баярыг тэмдэглэх янзтай байна. Сар шинийн баяраа тэмдэглэж болно. Гэхдээ дэлхий нийтээрээ цар тахалд өртөөд байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөө халдвар авснаа мэдэхгүй, нууц үе үргэлжилдэг. Тийм учраас санаатай биш гэхэд санамсаргүйгээр өндөр настан, ах дүү, аав, ээждээ өвчин тархаах магадлалтай байна.
Анхааруулсаар байтал манай ард, иргэдийн хандлага өөрчлөгдөхгүй байдал анзаарагдаад байгаа. Тиймээс цагаан сарын үеэр хөл хориог маш хариуцлагатай барихыг уриалмаар байна. Цагдаа, хүчний байгууллага хичнээн хэлж, анхааруулж, ажилласан ч хулгайн замаар явж буй нь цаад талдаа эдийн засагт, асар том хохирол дарамт үүсгэхэд бэлэн болжээ гэж харж байна.
Уучлаарай, Улсын хэмжээнд байдал үнэхээр хүндэрч, анхаарал хандуулахаас өөрцгүй байдалд орлоо. Хайртай хүмүүсээ хамгаалаарай гээд анхааруулсаар байтал хамаатан, саданаа коронагаас харамлахгүй байгаа бол очиж золгох байхдаа гэж хатуухан үг хэлье. Нохойн дуу ойртож байна. Бид 12 хоног тэсчихвэл вакцин орж ирэх гэж байна. Бидний тэвчээр хэрэгтэй. Бас халдварыг тархаахгүй байх боломж 80,90 биш 100 хувь бий шүү. Цагаан сараа гэр гэртээ тэмдэглээд цахимаар амар мэндээ мэдвэл эдийн засгийн хувьд ч нөхцөл байдал наашлах төлөвтэй байна" гэлээ.
Хэрэв өвчлөлийн тархалт нэмэгдсээр 24 цагаар ажиллаж байгаа цахилгаан станц, Улсын эдийн засгийн гол хүчин зүйл уул уурхайн салбар, халдвар бүртгэгдээгүй аймаг сумдад тохиолдлууд бүртгэгдвэл маш их хэмжээний дүнтэй зардлууд эдийн засагт дарамт болохоор байгааг эдийн засагч анхаарууллаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ