АЮУЛ: Дэлхий даяар нэг сард 129 тэрбум амны хаалт хаягдаж байна

img

2019 оны сүүлчээр Хятадын Ухань хотод эхэлсэн халдварт өвчин дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрээд жил гаруйн нүүрийг үзэв. Энэ хугацаанд хүн төрөлхтөн халдварт өвчнийг хэрхэн эмчлэх, үүнээс хэрхэн хамгаалах талаар олон судалгаа, туршилт хийж ихээхэн дэвшилттэй ажиллаж ирлээ. Дэлхий даяар өвчинтэй тэмцэх талаар бүхий л анхаарлаа хандуулж байх зуур өвчнөөс хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байгаа амны хаалт зэрэг хувийн хамгаалалтын хэрэгслүүдээс үүдэлтэй хүндхэн асуудлууд гарч ирэв. Эдгээрийн нэг нь өдөр бүр хогон овоо үүсгэж байгаа ашигласан амны хаалт, бээлийг устгахтай холбоотой асуудал юм. 

 

Экологийн бөмбөг буюу амны хаалт, бээлийний хаягдалас үүссэн хогон овоо

 

Дэлхийн нэг оршин суугч жилд дунджаар хоёр кубметр орчим буюу 400 кг хог хаягдал үүсгэдэг гэсэн судалгаа бий. 

"Хүн төрөлхтөн цөмийн дайнаас болж биш хог хаягдлаасаа болж амьсгал хураана" гэж нэрт физикч Нильс Бор нэгэнтээ хэлж байв. 

Хүн төрөлхтний хөгжлийг дагаад нэрт эрдэмтний үг улам бүр л батлагдаж байна. Тэр дундаа, коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш хотын гудамж, наран шарлагын газар, тэр бүү хэл гол мөрөн, далай тэнгисийн ёроолоос ч тахлын үед хэрэглэгдэж буй бээлий, амны хаалт, ариутгагч бодисын сав олдох болсон гэнэ.

 

" Environmental Science & Technology Journal" сэтгүүлийн мэдээлснээр, тахлын үед сар бүр 129 тэрбум амны хаалт, 65 тэрбум бээлий хаягдаж байгаа гэнэ. Эдгээр хаягдлууд байгальд задрахын тулд 450 жил шаардагдана гэж үзвэл өдгөө үүссэн энэ хаягдал удаашруулсан үйлчилгээтэй экологийн бөмбөг мэт болчхоод байгаа юм.

 

Амны хаалтыг аюулгүйгээр хаях

Ашигласан хувийн хамгаалалтын хэрэгслүүд нь зөвхөн экологид төдийгүй халдвары эх үүсвэр болж болзошгүй гэдгээрээ хүмүүст ч хор хохирол учруулна гэж мэргэжилтнүүд сануулдаг. Хотын гудамжинд хаягдсан бээлий, амны хаалтууд нь эмнэлгийн хог хаягдалд ордог бөгөөд энэ нь ийм хаягдлыг тусгай журмаар хаях, цуглуулах, устгах шаардлагатай гэсэн үг юм. 

 

Хятадын эрдэмтдийн мэдээлснээр, COVID-19 амны хаалтан дээр долоо хүртэлх хоногоор амьдрах чадвартай гэнэ.  Коронавирусийн халдвартай хүн зүүсэн амны хаалт бусад ахуйн хаягдлуудыг ч "бохирдуулж", мөн амны хаалтад хүрсэн хүнд ч халдвар дамжиж болзошгүй аж. 

 

Тиймээс ихэнх оронд хувийн хамгаалалтын хэрэгслийг зөв ашиглах болон устгалд оруулах хатуу дүрэм журам боловсруулсан байдаг аж. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират улсад ашигласан амны хаалттай зүй бус харилцсан бол торгууль ноогдуулдаг юм байна. Орон нутгийн журамд зааснаар амны хаалтыг гялгар уутанд хийж, дараа нь хогийн саванд хаях ёстой гэнэ. Харин Энэтхэгт амны хаалтыг хаяхаас өмнө хайчилж, цаасан уутанд гурав хоног байлгаад дараа нь хогийн цэг дээр хаях ёстой аж. Ийм эрүүл ахуйн дүрмүүдийг мөрдөх нь халдварын эрсдэлийг хэд дахин бууруулдаг гэж эрдэмтэд онцолдог юм.

Мэргэжилтнүүдийн зөвлөж, олон улсад мөрддөг журмын дагуу ашигласан амны хаалт, бээлийг уутанд хийн, гэртээ нэг хоног хадгалсны дараа хогийн сав руу хаяж болох аж.

Дэлхийн зарим оронд ашигласан амны хаалт, бээлий болон бусад хувийн хамгаалалтын хэрэгслүүдийг хаях тусгай хогийн савыг супермаркетууд, худалдааны төвүүд, зочид буудал болон бусад олон нийтийн газруудад байршуулжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ