БНХАУ цахим валют турших ажлаа өргөжүүлжээ

Сүүлийн жилүүдэд Хятад улс цахим валютыг хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд дорны хуанлиар шинэ жил угтах баярын өмнө Бээжин хотын оршин суугчдад сугалаагаар дамжуулан нийт 10 сая юань буюу монгол мөнгөөр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хэмжээний үнийн дүн бүхий цахим мөнгөтэй бэлгийн дугтай тараах гэнэ.
Цахим юанийг худалдан авах, зоогийн газар, тээвэр, зочид буудал болон аялал жуулчлалын операторуудад төлбөр хийхэд ашиглаж болох гэнэ. Туршилтын төв нь Хятадын нийслэлийн төв хэсэг болох Ванфүжин гудамж бөгөөд энд цахим юанийг 100 гаруй дэлгүүр, зоогийн газар хүлээн авч үйлчлэх юм байна.
Жэнминь жибао сонины мэдээлснээр, энэ онд Шанхай, Чаншай, амралт зугаалгын бүс болох Хайнаньд цахим юанийг туршихаар төлөвлөжээ. Түүнчлэн, 2022 оны Өвлийн олимпын үеэр БНХАУ-ын төдийгүй гадаадын иргэд ч цахим юань хэрэглэх боломж гарахыг үгүйсгэх аргагүй гэж Хятадын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ