Зеленский: Украинчууд "Спутник V" тариулах туршилтын туулай биш

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский украинчууд Оросын "Спутник V" вакциныг турших туршилтын туулай биш хэмээн мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Оросын вакцин хангалттай үр дүнтэйг батлах албан ёсны баталгаа хараахан байхгүй гэнэ.
"Орост боловсруулсан "Спутник V" вакцин баталгаатай, 90-91 хувийн үр дүнтэй гэдгийг батлах албан ёсны ямар ч мэдээлэл байхгүй. ДЭМБ болон тэргүүлэгч шинжээчдийн зүгээс ийм баталгаа гаргаагүй. Украины иргэд туршилтын туулай биш. Ийнхүү зүйрлэсэнд уучлаарай. Гэхдээ хүмүүс дээр турших эрх бидэнд байхгүй" хэмээн Зеленский мэдэгджээ.
Оросын вакциныг авч ашиглах талаарх санал санаачилга олон нийтийн зүгээс нэг бус удаа гарч байсантай холбоотойгоор Украины Ерөнхийлөгч ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна. Өмнө нь, нэгдүгээр сарын эхээр Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан Украинд "Спутник V" вакцин үйлдвэрлэх технологийг өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлж байв. Харин Украин Хятадын Синовак Биотеч, Америкийн Пфайзер болон АстраЗенека, Новавакс вакциныг авч хэрэглэхээр гэрээ хэлэлцээ хийж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч ийнхүү Оросын вакциныг шүүмжилснийг "инээд хүргэм" мэдэгдэл гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн Мэдээллийн бодлого, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах комиссын дарга Алексей Пушков мэдэгдсэн байна.
"Зеленский хошин шогтоо л мэргэжилтэн байх. Оросын вакцины талаарх түүний дүгнэлт инээд вакциныг дэмжчихээр Украин яах болж байна?" хэмээн Пушков мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт The Lancet сэтгүүл "Спутник V" вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь шатны үр дүнг нийтлэж, энэ бэлдмэл 91 хувийн үр дүнтэй гэж мэдээлсэн юм.
The Lancet нь долоо хоног тутмын анагаах ухааны сэтгүүл бөгөөд хамгийн алдартай, эртний, хамгийн нэр хүнд бүхий сэтгүүлд тооцогддог. Энэ сэтгүүлд судалгааны болон тойм нийтлэлүүд, тэргүүлэгч нийтлэлүүд, номын тойм зэрэг мэдээллүүд нийтлэгддэг, аливаа судалгааны материал ийм сэтгүүлд нийтлэгдэх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгааг илтгэдэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ