Нинжин сэтгэлтэй НЭГ АНГИЙНХАН

Монгол орны нийт нутгаар цас их орж, хүйтний эрч чангарсны улмаас ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг зарим газруудад өвөлжилт хүндэрч, өвс тэжээлийн хомсдол үүсчээ. Болзошгүй аюул, эрсдлээс зэрлэг амьтдаа хамгаалах, хорогдол гаргахгүй байх зорилгоор аймаг сумдын удирдлагууд, байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд биотехнологийн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрийн 80 хувь нь тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар. Энэ сум 200-300 гөрөөстэй, 500 гаруй бугатай, 50-60 хүдэр гээд олон тураатан амьтан нутагшдаг. Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай, өвөл цас их унаснаас болж ан, амьтад өвсгүйдэж өлдөж уулнаас бууж ирэх тохиодол их гарчээ.
Иймд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийн 2003 оны төгсөгчид сэтгэлээрээ нэгдэн ан, амьтдад өвс хүргэх “Ан, амьтдаа хамгаалъя” уриатай хандивын аяныг энэ оны нэгдүгээр сарын 10-наас нэгдүгээр сарын 31-ны хооронд зохион байгуулжээ.
Энэ талаар аяныг санаачлагч А.Батмөнх “Орхоны хөндийн тусгай хамгаалалттай газрын байцаагч, байгаль хамгаалагч М.Бат-Үүл гэж залуу цахим хуудсандаа “Буга тамир тэнхээгүй болоод хөдөлж чадахгүй байгаа тул тусламж хэрэгтэй байна” гэсэн пост оруулсан байсан. Үүнийг хараад анги хамт олон, найз нөхөд, Өвөрхангай аймгийн Хөднийн тусгай хамгаалалттай газрын Бат-Өлзий суман дахь хэлтэс, Сум дундын ой анги, Бат-Өлзий сумынхаа байгаль хамгаалагч Баасансүрэн найзтайгаа холбогдоод аян өрнүүлэх уриалга гаргасан. Тэд маань маш сайхан хүлээн авч дэмжээд амжилттай зохион байгууллаа.
Ан амьтдаа хайрлахаас гадна нийгэмдээ илүү гэрэл гэгээтэй сайн зүйлсийг уриалж, өөрийн нутаг орондоо үлгэр дууриалалтай байх үүднээс аяныг эхлүүлсэн юм. Аяны хүрээнд хандив өргөж, өвс хүргэхэд тусалсан нийт 150 гахуй хүн оролцлоо. Зарим хүмүүс машин тэргээрээ үйлчилж, бензин тос, өвс хүргэхэд туслаж байлаа. Бид Бат-Өлзий сумын Төвхөн хийд, Хужирт нарийн, Хөнөгийн ам, Бөхөн шар, Өвт, Хамарын ам зэрэг газарт нийт хоёр удаа 99 боодол өвс, 9 боодол хужир тараан байршуулсан. 1 буга өдөрт 20-40 кг өвс иддэг гэсэн судалгаа бйадаг юм билээ. Бид ямар ч байсан 90-ээд буга согооны өвс тэжээлийг газарт нь хүргэсэн байгаа. Аяны хүрээнд нийт 4 сая орчим төгрөг цугларсан. Санал санаачлагын минь дэмжиж хамтран аянд оролцсон бүх хүмүүстээ их баярлалаа.
Миний хувьд аялал жуулчлалын салбарт ажилладаг. Үүнтэй холбоотойгоор байгаль дэлхийдээ илүү ойр байдаг болохоор ан, амьтдад хайртай байдаг юм болов уу гэж боддог юм” гэж ярилаа.
Мөн 2003 оны төгсөгчдийн төлөөлөл Д.Пүрэвсүрэн “Зөвхөн манай сум гэлтгүй бусад аймгуудын хэмжээнд зэрлэг, ан амьтад энэ өвөл өлдөөд уулаар цас ихтэй учраас өвсгүйдээд байна. Ан, амьтдад өвс тараан байршуулах аяныг санаачилсан хүн нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийг 2003 онд дүүргэсэн А.Батмөнх гээд манай ангийн охин. Тэр маань Улаанбаатар хотод, би сумандаа нутаг, орныхноо, ангийн хүүхдүүдээ уриалж ажиллалаа. Аянд оролцож хандив өгсөн хүмүүсийн 70-80 хувьд нь сумын иргэд, ангийнхан байсан.
Буга, гөрөөс, зэрлэг гахай гээд хангайн амьтан учраас бэлчээрийн мал явдаггүй газар очиж өвсөө тараахад үүрэх хүн их хэрэгтэй байсан. Бид 10-20-уулаа цуглаад хүний тоогоор өвсөө үүрч хүргэж байлаа. Манай нутаг хангайн газар хэр нь хээр талын амьтан зээр ороод ирчихсэн байна. Зээрийн сүрэгт мөн нэлээд өвс тавьж өгсөн. Ан амьтад сумын төв рүү ойртоогүй ч гэсэн уулын эхэнд байдаг амьтад уулын ам руу буугаад ирсэн байна. Өвөлжөөний айлуудад харагддаг, малчид бугануудыг нүдэн баримжаагаар хариулаад явдан юм билээ” гэсэн юм.
Ан, амьтдадаа гээд өвлийн хүйтэнд өвс үүрээд уул өөд зүтгэсэн энэ ангийнхан, энэ нутгийнханд нинжин сэтгэлтнүүд гэдэг тодорхойлолт онох биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ