УОК: Төрийн албан хаагчдыг хувийн автомашинаар зорчуулахгүй

Сар шинийн өдрүүдэд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Э.Энхболд:
-Эрдэмтэн судлаачид энэ байдлаар явбал гуравдугаар сард нас баралт 10 тохиолдол болж нэмэгдэх магадлалтай байна гэж үзэн сар шинйин өдрүүдэд 10-14 хоногийн хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн зөвлөмжүүдийг өгч байна. Хөл хорионы хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" голомтын өргөтгөсөн тандалт хийгдэнэ. Үүний гол зорилго нь коронавирусээр өвчилсөн иргэдийн 80 гаруй хувь нь хөнгөн, шинж тэмдэггүй байна. Тийм учраас халдвар авснаа мэдэхгүй явж байх магадлалтай учраас тандалт хийж тархалтыг хумих юм.
Товлот вакцин хийхэд халуурсан, ханиасан хүүхдэд хийдэггүй. Үүний адил коронавирусийн вакцинийг халдвартай хүнд хийхгүй. Үүнийг урьтал болгон энэхүү шинжилгээг хийж байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
-Нэгдүгээрт, зайлшгүй шаардлагатай 15 салбарын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
Гэхдээ бүгдийг сул, задгай тавина гэсэн үг биш. НОК, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай уулзалт хийж өмнө нь учирч байсан эрсдэлийг тооцоолж хөл хориог хэрхэн тогтоохыг нарийн тогтсон байгаа. Томоохон, зах худалдааны төвүүд хоёрдугаар сарын 16-ныг хүртэл ажиллахгүй гэдэг графикаа өгсөн байгаа. Тиймээс жижиг дэлгүүрүүд тодорхой нөөцөө маргаашийн дотор бэлдэж ажиллана.
Хоёрдугаарт, нийтийн тээврээр иргэд зорчихгүй. Зөвхөн тандалт судалгаа хийх ажилтай болон хорио цээрийн дэглэм сахиулах алба хаагчид 130 автобусаар зорчино. Ямар ч ажилтай байсан хувийн автомашинаар зорчихгүй. Зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах болон гашуудлын шугамаар хөдөлгөөнд оролцоно.
Гуравдугаарт, зайлшгүй шаардлагатай байгууллагын ажилчид 72 цагийн турш ажлын байрандаа байрлаж ажиллана" гэж мэдээллээ.
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, гашуудлын арга хэмжээнд оролцохоос бусдаар ямар ч ажилтай байсан хувийн тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй гэж хэлсэн. Гэсэн ч Шадар сайд С.Амарсайхан "Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн төрийн байгууллагынхан хувийн унаагаар зорчихгүй, зөвхөн нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Харин иргэд, олон нийтэд нийтийн тээвэр үйлчлэхгүй. Төрийн байгууллагаас бусад үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн хувийн хэвшлийн салбарын ажилчид үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд албаны болоод хувийн тэргээрээ зорчиж болно" гэдгийг тодотгов.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ