Ж.Хумбаа: Бий биелгээ, ихэлийн татлагыг арван настайгаасаа эхлэн аав ээжээсээ сурсан

2020 оны соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Увс аймгийн Малчин сумын харьяат, ихэлч, бийч Жутаагийн Хумбаатай ярилцлаа.
-Сайн байна уу? Сайхан битүүрч байна уу? XVII жарны “цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жил гарч байна. Таны хүүхэд насны сар шинийн дурсамжаас ярилцлагаа эхэлье?
-Сайн, сайн байна уу? Зээ охинтойгоо хамт ууц чанаад битүүрэх гээд л сууж байна. Монголчуудын уламжлалт цагаан сар хамгийн сайхан баяр. Хүүхэд байхдаа цагаан сараар амттан идэх гэж ээж ааваасаа нууцаар өөрөөр бол хулгайгаар/инээв/ айлд очиж сахар боорцог авч ирдэг байлаа. Тухайн үед сахар ховор байлаа шүү дээ. Одоо бол элбэг дэлбэг сайхан болсон. Хүүхэд насны сар шинэ мартагдахгүй олон сайхан дурсамж үлдээждээ.
-Сар шинийн босгон дээр 2020 оны соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар тодорсонд баяр хүргэе. Хэдэн настайгаасаа бий биелгээ, ихэл татлага сурсан бэ?
-Би Увс аймгийн Малчин суманд 1943 онд зургаан хүүхэдтэй Жутаа гэх айлын тав дахь хүүхэд нь болж төрсөн. Сумынхаа сургуульд есөн настайдаа элсэн орж суралцсан. Бий биелгээ, ихэлийн татлагыг арван настайгаасаа эхлэн аав ээжээсээ сурсан. Сургуулийнхаа ээлжийн амралтаар гэртээ заалгадаг байлаа. Ихэлийг татаж сурснаас хойш эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна. Тухайн үед саахалтын олон хүүхдүүдтэй хамт бий биелгээ, ихэлд суралцсан.
Ихэлийн татлагыг сум орон нутгийнхаа олон хүүхдэд зааж, өвлөн уламжлуулж байна. Малчин сумынхаа ясли, цэцэрлэгийн хүүхдүүдэд ихэл, бий биелгээ заасан. Түүнээсээ хоёр хүүхдийг шалгаруулан авч бэлтгэн, нийслэлд болсон урлагийн наадамд оролцуулж явлаа. Мөн Улаангом сумын Парчин төвд бий биелгээ ихэлийн татлага зааж өгч байсан. Түүнээс гадна ОХУ-ын Тува улсад тоглолтоо толилуулж байлаа.
-Одоогоор гарын хэдэн шавьтай вэ?
-Сайн тооцоогүй. Гэхдээ барагцаагаар 500 шавь байдаг байх гэж боддог. Одоо ч нас хөгширч шавь нараараа л бахархаж суудаг болжээ.
-Та “Ихэл хуурын эгшиг” баримтад кинонд тоглосон? Өөр олон кинонд тоглосон төдийгүй, олон тэмцээн уралдаанд оролцож байсан гэж дуулсан?
- Тиймээ. Олон тэмцээн уралдаан, кинонд тоглож байлаа. Монгол Францын хамтарсан “Морин хуур” “Баядын хуримлах ёс” зэрэг кинонд шавь нарын хамт тоглосон.
Мөн Алтан тулга” ардын урлагийн их наадам, Ардын язгуур урлагийн улсын үзлэг, 1989 оны Олон улсын кино наадам, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ардын урлагийн их наадам, ЮНЕСКО-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам, язгуур урлагийн “Ойрад түмэн” наадам, “Нүүдэлчин Монгол-2018” соёлын наадам зэрэг олон наадамд оролцсон. Төр засаг маань өндрөөр үнэлж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан тэмдэг, “Алтан гадас” одон зэрэг олон хүндтэй шагнал хүртээсэн. Мөн “Юнеско”-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнуулсан.
-Та ихэл татлагыг ээж ааваас суралцсан гэлээ. Аав ээжийгээ дурсвал?
-Аав маань удмынхаа ес дахь үеийн дархан, ээж маань Цалгарын хийдэд суудаг байсан лам нарын дээл гутлыг оёдог уран гартай оёдолчин хүн байлаа. Ээжийгээ дуурайгаад бид ч мөн уран шүү./инээв/ Би найман хүүхдэдээ дэлгүүрээс хувцас авч өгч үзээгүй. Дандаа өөрөө оёдог байсан.
-Таны хүүхдүүдээс ихэлийн татлагыг суралцаж байгаа юу?
-Манайх найман хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд гэр бүлтэй болж, тусдаа гарсан. Ач зээ нийлсэн 70 хүүхэдтэй. Ач зээ нараас минь дөрвөн охин хуурддаг. Нэг охин маань онцгой сайн сурсан.
-Энэ жил коронавирус цар тахлын улмаас сар шинийн баяр тэмдэглэхгүй?
-Коронавирус цар тахлын улмаас хоёр жил сар шинийн баяр тэмдэглэсэнгүй. Нутгийн олон ах дүүтэйгээ цахимаар золгоно. Цар тахлын энэ хэцүү цагт уламжлалаараа золгож болохгүй. Өнөө жил манай сум зун бороотой өвөл нь цас багатай сайхан жил болж байна. Энэ жилийн үхрийн өнгийг ажвал гарч буй жил хур бороотой сайхан жил болох байх. Коронавирусгүй байхад үр хүүхэд, нутгийн ах дүүс маань ирж золгодог байлаа. Гэртээ сайхан битүүрээд л сар шинийн ёсоо үйлдэнэ.
-Урилга хүлээж авсан баярлалаа. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Баярлалаа. Бүх монголчууддаа сар шинийн мэнд дэвшүүлье. Мөн гэр гэртээ байгаарай гэж хэлье. Цар тахал үгүй болж дараа жилийн цагаан сараар ах дүүсээрээ цугларч сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ