Хятад иргэддээ шагнал амлаж, Буриад жуулчин авч шинэлж байна

Буддын шашинт улс орнуудад сарны хуанлиар шинэ жил угтах баяр энэ өдрүүдэд болж байна. Азийн орнууд энэ баярыг ойр дотныхон, төрөл төрөгсдийнхөөрөө айлчлан, золгож өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин энэ жил коронавирусийн цар тахалтай холбоотойгоор улс орнууд иргэдийг зорчих хөдөлгөөнөө хязгаарлан, нэг дор олноор цугларахгүй байхыг уриалж байгаа юм.
Хятадын нийслэл Бээжин хотын захиргаа шинэ жилийн баярын өдрүүдээр оршин суугчдыг нэг дор олноор цуглан баяр тэмдэглэх, зоогийн газарт орохгүй байхыг уриалсан байна. Харин баярын өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэн, амьтны хүрээлэн болон бусад задгай талбай бүхий амралт чөлөөт цагийн газруудыг үнэ төлбөргүй болгосны дээр Бээжин хотын захын дүүргүүд рүү явах замын төлбөрийг түр хугацаанд цуцалжээ.
Хятадад ажилтнууд албан ёсоор хоёрдугаар сарын 11-17-ны хооронд долоо хоног амрах ч ихэнх компани, байгууллагууд энэ баярын үеэр албан ёсны амралтаас хойш дахин долоогоос 14 хоног сунаж амардаг байна. Тиймээс энэ өдрүүдэд орон нутгууд руу зорчих хөдөлгөөнийг багасгах үүднээс баяраар өөр хотруу явахгүй цагаач ажилтнуудад шагнал урамшуулал амлаж байв. Тухайлбал Жөжян мужийн Ханжоу хотын захиргаа Хаврын баярын үеэр хотоос гаралгүй үлдэх цагаач ажилтнуудад 155 ам.долларын хэмжээтэй нөхөн төлбөр санал болгож байсан юм.
Энэ нь коронавирус тархах эрсдэлийг бууруулах төдийгүй орон нутгийн хэрэглээний түвшинг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа аж. Баярын өдрүүдээр Хятад даяар 90 орчим хотын захиргаа сарны тооллоор шинэ он угтах баярын үеэр бусад орон нутгийг зорилгүй ажиллаж буй газартаа үлдэхээр шийдсэн хүмүүст бэлэн мөнгө олгохоос эхлээд байрны түрээсийн хямдрал үзүүлэх зэрэг олон урамшуулал амлажээ.
Буриадад аялж цагаалж байна
Буриадад Цагаан сарыг "Сагаалган" хэмээн нэрлэх бөгөөд энэ жил ОХУ-ын бусад бүс нутгаас аялагчдыг хүлээн авч, тусгай хөтөлбөрөөр үйлчилж байгаа гэнэ.
Тодруулбал, эхний ээлжийн жуулчид Москвагаас ирсэн бөгөөд тэд Буриадын Өвлийн өвгөн болох Цагаан Өвгөнтэй уулзаж, буриад ёс уламжлалтай танилцжээ. Шинийн нэгний өглөө уламжлал ёсоор сүм хийдүүдэд ном хурж, буриад зоныг ирэх ондоо амжилт бүтээл арвин, эрүүл энхийн байхын тухайд ерөөл тавьсан байна. Энэ жил коронавирусийн халдвар тархсан тул уламжлалт ёслолуудын үеэр эрүүл ахуйн дэглэмийг сахиж, хүн хоорондын зай барин, амны хаалт зайлшгүй зүүхийг уриалж байгаа аж. Мөн аль болох гэрээсээ мөргөл үйлдэж, хурал даган баясахыг уриалжээ.
Сагаалганы өдрүүдэд Буриадаар аялах жуулчид Иволгийн дацан орж, Итгэл хамбад мөргөн, 33 метрийн өндөр Буддын хөшөөг үзэн сонирхож, Дорнын анагаах ухааны төвүүдээр зочлон, Байгал нуурын эрэгт амрах гэсэн хөтөлбөртэй аж. Жуулчид хүлээн авч, баярын өдрүүдэд буриад түмний ёс заншлыг таниулж, Буриадын түүх, соёл, байгалийн дурсгалт газруудаар аялуулснаар коронавирусийн цар тахлын үед хүндхэн байгаа эдийн засагт хувь нэмэр оруулна гэж Буриадын эрх баригчид үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ