ВИДЕО: Банкуудад гацсан нөөц хөрөнгөөр зээл олголтыг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Эрүүл мэнд, эдийн засгийн хүрээнд хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг хэрхэн богино хугацаанд хүртээмжтэй зорилтодоо хүрэх вэ гэдэг талаар өнөөдрийн хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцлаа. Энэ төлөвлөгөө бүрэн хэмжээнд хэрэгжих бодит төлөвлөгөө юм. Цар тахал дотооддоо гарснаас хойш Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж байсан асуудлуудыг цогц болгон нэгтгэж, судалгаа нэгтгэсэн. Төлөвлөгөөний тактикийн хувьд бид бодлогын шилжилт хийсэн. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ бүр тухайн бүртээ зөв байсан.
Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулж байгаа. Манай улс нэг жилийн хугацаанд ард түмний эрүүл мэнд, эдийн засгийг нэгдүгээрт тавьж ирсэн. Энэ хэвээр нь үргэлжлүүлбэл ирэх улирлуудаас улс орны эдийн засагт цохилт авч, магадгүй эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Мөнгө хэвлэх гэж байна гэх буруу мэдээлэл иргэдийн дунд гарч байна. 2011, 2012 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байх үед мөнгөний нийлүүлэлт 70 хувь гарч байсан. Банкуудаар олгох зээл, төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гэх үндсэн гурван сувгаар гарч байлаа. Эдийн засгийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний эргэлт 35 хувьтай байдаг. Харин өнгөрсөн онд энэ үзүүлэлт 15 хувь болж буурсан. Гурав дахин багассан гэсэн үг. Эдийн засгаа сэргээнэ гэдэг нь товчхондоо мөнгөний эргэлтийг сайжруулж, эдийн засагт мөнгөний эргэлтийг оруулна. Мөнгө хэвлэх гэсэн буруу ойлголтыг зөв ойлгох нь чухал. Банкуудад гацсан байгаа нөөц хөрөнгөөр зээл олголтыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал, төсвөөр дамжин хийгдэх хөрөнгө оруулалтууд, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлүүдийг цогц хөтөлбөртөө багтаасан. Түүнээс бус халамжийн чиглэлээр бэлэн мөнгө хэвлээд шууд тараах, урьд өмнө нь хэрэгжүүлж байсны адил алдаатай арга хэмжээ огт байхгүй. Банкуудын нөөц хөрөнгийг зээл хэлбэрээр эдийн засаг руу оруулах тал дээр Засгийн газар хамтарч ажиллана. Зээлийн батлан даалтын сан болон бусад дэд бүтцээрээ дамжуулан хүртээмжийг нэмэгдүүлэх, байж болох бүхий л хөнгөлөлт боломжуудыг гаргах, зээлийн хүүг 3-аас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авах юм.
Ойрын хугацаанд эдийн засгийн өсөлтөд шаардлагатай томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. ЭТТ дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон мега төсөл, Дорноговьд баригдаж байгаа нефтийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр хайж байна. Энэ төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой цаг үе нь байгаа хэмээв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
–10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд тусгагдсан хөтөлбөрүүдээс хамгийн түрүүнд хэрэгжих төсөл аль нь бол?
-Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ипотекийн зээлийн хүү 8-6 хувь болсонтой холбоотойгоор 95 тэрбум төгрөгийн 1200 гаруй гэрээ хийгдсэн нь төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. Тиймээс энэ эрчээрээ үргэлжлээд явах боломжтой хэмээн Төв банкнаас мэдэгдсэн. Монгол Улсад жилд 15 мянган шинэ орон сууц ашиглаглалтад ордог бол үүний 12 мянга нь ипотекийн зээлд хамрагдах боломжтой байдаг. Шаардлагыг хангах зээлдэгч, нийлүүлэлт тогтвортой байхад зээл үргэлжлээд явах боломжтой гэсэн үг. Төв банкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийн хөтөлбөр цаашид үргэлжилнэ. Хугацаа, хэмжээг нь нэмэгдүүлсэн. Жилдээ 2 их наяд төггрөгийн репо санхүүжилтийг банкуудад өгөх боломжтой.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ