Дуудлага худалдаагаар "Азын дугаар"-ууд 350 саяд хүрэв

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн доорх дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зохион байгуулах тов зарласан.
Дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд auction.transdep.mn цахим хаягаар явуулах юм.
Дуудлага худалдаа өнөөдөр эхэлж, одоогоор зарим улсын дугаар 300 сая төгрөгийн үнэд хүрээд байна. Тухайлбал 0001УАР улсын дугаар 356 сая төгрөгийн үнэлгээг давав. Харин 0101УАР улсын дугаар 64 сая 100 мянган төгрөгийн үнэд хүрч ялагч тодорчээ.
Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих аж.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50,000 / тавин мянган /төгрөг. Дэнчин төлсөнөөр бүртгэл баталгаажих аж. Оролцогч нь ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгөө буцаан авах бөгөөд банкны шимтгэл, гүйлгээний шимтгэл нь дэнчингийн мөнгөнөөс суутгагдана. Дуудлага худалдаанд оролцогч нь эрх зүйн чадамжтай 18 нас хүрсэн иргэн байна.
Нэг оролцогч оролцсон, эсхүл оролцогч байхгүй дуудлага худалдаа цуцлагдах ба энэ тохиолдолд уг дугаарыг дахин дуудлага худалдаагаар худалдах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ