Мьянмарчууд цэргийнхнийг эсэргүүцэж, цагдаа тэдний өөдөөс гал нээв

img

 

Хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн эргэлт гаргаж, засгийн эрхийг булаан авснаас хойш Мьянмар улсад ард иргэдийн эсэргүүцэл намжихгүй байна. Цэргийн дэглэмийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалд мьянмарчууд хэдэн мянгаараа нэгдсэн талаар DW агентлаг мэдээлсэн байна. Мьянмарын хойд хэсэгт байх Мьичин хотод цагдаагийнхан эсэргүүцэгчдийн эсрэг буудаж эхэлсэн бол Мьянмарын томоохон хот болох Янгонд танкийн цуваа орж иржээ. Гэсэн ч эсэргүүцэл намжаагүй талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Мьянмарт цэргийнхэн засгийн эрхийг булаан авсныг эсэргүүцсэн олон мянган хүн дахин эсэргүүцэлд нэгджээ. Хоёрдугаар сарын 14-ний ням гарагт Янгон хотноо цагаан хувцас өмссөн оюутнууд Аун Сан Су Жиг суллахыг шаардсан уриа барин хотын төв хэсгээр алхаж өнгөрчээ. Түүнчлэн хотын гудамжаар автобусны цуваа чангаар дуут дохио өнгөрсөн байна. Нийслэл Нейпьидо хотод автомашин, мотоциклийн цуваа эсэргүүцэлд нэгдэж, бусад хотуудад ч эсэргүүцлийн арга хэмжээ болжээ.

 

Жагсагчид руу гал нээв

ВВС, DW агентлагуудын мэдээлснээр ням гарагт болсон эсэргүүцлийн үеэр цагдаагийнхан тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэжээ. Хоёрдугаар сарын 14-ний үдэш аюулгүйн хүчнийхэн Мьичин хотод цэргийнхнийг эсэргүүцсэн арга хэмжээнд оролцогчид руу гал нээсэн байна. Твиттер хуудсанд нийтэлсэн дүрс бичлэг дээр хүмүүс цочирдон хэдэн тийш зугтаж байгаа нь дүрслэгджээ. 

 

Энэ улсад интернетийг бараг бүхэлд нь тасалсан учраас сүүл үеийн мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулах боломжгүй болсон гэнэ. Тиймдээ ч ийнхүү жагсагчдын эсрэг гал нээсний улмаас хэн нэгэн шархадсан эсэх, хүчнийхэн байлдааны сум хэрэглэсэн эсвэл резинэн сум ашигласан эсэх мэдээлэл хараахан гараагүй байна. Мөн энэ үеэр болж буй үйл явдлын дүрс бичлэгийг хийж байсан хэд хэдэн сэтгүүлч баривчлагджээ.

 

Янгон руу танк оруулжээ 

Мьянмарын томоохон хот болох Янгонд ням гарагийн орой танкууд олноор оруулсан талаар гэрчүүдийн яриа болон олон нийтийн сүлжээнд тавигдсан гэрэл зургууд дээр үндэслэн DPA агентлаг мэдээлжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн шөнө армийнхны тушаалаар интернетийг бүрэн тасалсан байна. 

 

Мьянмарт төрийн эргэлт болсон хоёрдугаар сарын эхнээс л эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байгаа юм. Эсэргүүцэгчид цэргийнхний эсрэг уриа хашгирч, баривчлагдсан өндөр албан тушаалтнуудыг суллахыг уриалж байгаа аж.

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх Аун Сан Су Жиг баривчилсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард цэргийнхний дэмжлэгтэй нам парламентын сонгуульд ялагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн болон засгийн газрын хооронд олон хоног хурцадмал байдал үүссэний дараа цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийсэн. Тэд улсынхаа удирдлагуудыг баривчилсны дараа Мьянмарт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоон, дэд Ерөнхийлөгч Мьинт Швег түр хугацаанд ерөнхийлөгчөөр томилсон юм. 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ