Ахмадууд автобусаар зорчих гэж оролдоод бухимдаж байна


Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хотод Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож коронавирусийн халдварыг илрүүлэх тандалтын шинжилгээг хийж байна. Сар шинийн баярын амралтын гурван өдрөөр иргэд хөл хорионы дэглэмийг сайтар сахисан ч өнөөдрөөс олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэнийг албаныхан анхааруулж байна.
Иргэд хөл хорионы дэглэм дууссан мэтээр ойлгож автобусаар зорчих оролдлого ихээр хийж буй аж. Улмаар бичиг баримтад тулгуурлан автобусаар зорчуулах зайлшгүй шаардлага үүсчээ. Тухайлбал ахмад настнууд автобусаар зорчихыг оролдож улмаар бухимдах явдал нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна.
Зөвхөн зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилчид автобусаар үйлчлүүлэх болон тодорхой албан бичиг, үнэмлэхэд тулгуурлан хөдөлгөөнд оролцох журам үргэлжилж байгаа.
Тухайлбал Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх салбарын албан хаагчдын тав хүртэлх хувийг ажиллуулахыг зөвшөөрсөн. Тэд нийтийн болон албаны тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр зорчино. Ингэхдээ ажлын үнэмлэх болон хувийн бичиг баримтыг биедээ зайлшгүй авч явна.
Мөн хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдааны салбарын албан хаагчид хувийн болон түгээлтийн тээврийн хэрэгслээр зорчино. Ингэхдээ ажлын үнэмлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явна. Хувийн тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд ажиллах хуваарь, автомашины дугаарыг тодорхой бичнэ.
Харин оршуулгын зан үйлийн улмаас хөдөлгөөнд оролцох бол тээврийн хэрэгслийн төрөл хязгаарлахгүй.
Бусдаар хөл хорио үргэлжилж иргэд гэр гэртээ байх дэглэм үргэлжилж байна. Энэ дэглэм хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Маргаашнаас томоохон, зах худалдааны төвүүдийг нээх юм. Энэ нь иргэд, олон нийтэд хөл хорионы дэглэмийг сулруулсан мэтээр ойлголт төрүүлсэн байж болзошгүй. Тэгвэл зах, худалдааны төвүүд иргэдэд үйлчлэхгүй. Зөвхөн дэлгүүрүүдийн хүнсний ханган нийлүүлэлтийг зохицуулах үүднээс нээж буйг албаны хүмүүс онцолсон.
Дэглэм дуусаагүй шүү, нөхөд өө!!!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ