Британид 15 сая хүнийг вакцинд хамруулжээ

img

Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 109 саяыг давж, цар тахал эхэлснээс хойш энэ халдварын улмаас 2.4 сая хүн нас барж, 61 сая гаруй хүн эдгэрсэн талаар Жон Хопкинсийн их сургууль мэдээлжээ. 

 

Европдоо халдварын тоогоор дээгүүрт орж, коронавирусийн мутаци илэрсний улмаас халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа Британи улс вакцинжуулалтыг идэвхжүүлэхийн дээр коронавирустэй тэмцэх арга хэмжээгээ чангатгасан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Их Британид вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо хэдийнэ 15 саяыг давжээ. Эхний ээлжинд тус улсад өндөр настнууд, эмнэлгийн ажилтнууд болон эрсдлийн бүлгийнхэн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдаж байгаа юм. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны даваа гарагаас эхлэн 65-аас дээш насныханд вакцин тарих аж. Дараагийн ээлжинд насны дарааллаар тарилга хийх бөгөөд намар хүртэл вакцинжуулалтын ажил үргэлжлэх юм байна. 


Вакцинжуулалтын ажил хэвийн явагдаж байгаа ч халдварын тархалт өндөр байгаа тул даваа гарагаас эхлэн коронавирустэй тэмцэх арга хэмжээгээ чангагахаар болжээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 33 орон багтах "улаан жагсаалт"-д бичигдсэн орноос ирсэн Их Британийн иргэд тусгай зочид буудлуудад 10 хоног тусгаарлагдахаар болсон байна. Британичууд болон Ирландын иргэд эх орондоо ирэх үедээ хөл хорионы журам зөрчвөл 10 мянган фунтийн торгуулиас эхлээд 10 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх гэнэ.

 

Одоогоор иргэдийг тусгаарлах зорилгоор нисэх буудлын орчмын 16 зочид буудалд 4700 өрөө бэлджээ. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 4.04 сая бүртгэгдсэнээс 117 мянга гаруй хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ