Японд ганц бие хүмүүсийг тоолж, тэдний асуудалд анхаарна

Японы эрх баригчид хүн амын тооллогын үеэр ганц бие амьдрадаг хүмүүсийн тоог нарийвчлан тогтоохоор төлөвлөсөн талаар Ройтерс мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн цар тахлын нөхцөлд улам хурцадсан ганцаардлын асуудалд Японы эрх баригчид ихээхэн санаа зовниж байгаа гэнэ.
Тус улсын оршин суугчид нийгмийн амьдрал хязгаарлагдсан энэ нөхцөлд сэтгэлзүйн олон асуудалтай нүүр тулж, улмаар үүнээс үүдсэн сөрөг үр дагавар олонтаа гарч байгаа аж. Тэр дундаа сүүлийн 11 жилийн дотор анх удаа цар тахлын үеэр амиа хорлолтын тоо эрс өссөнтэй холбоотойгоор иргэдийн амьдралын нөхцөл байдалд Засгийн газар онцгойлон анхаарахаар төлөвлөж байгаа гэнэ.
Ойрын үед Японы сайд нарын танхимын хэрэг эрхлэх газрын дэргэд тусгай хэлтэс байгуулагдан, ганц бие хүмүүст дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг боловсруулахаар болжээ. Эхний үед энэ хэлтэс 10 хүн ажиллах бөгөөд цаашлаад орон тоог нэмэхээр төлөвлөсөн байна. Энэ хэлтсийн ажлыг Бүс нуттгийн хөгжлийн сайд Тэцуси Сахамото зохицуулах аж. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ёсихидэ Суга ганц бие хүмүүсийн асуудлыг хариуцах үүргийг түүнд даалгажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ