Coca-Cola байгаль орчныг хамгаалахын тулд цаасан лонх туршиж байна

Coca-Cola компани ундаагаа цаасан лонхонд савлах туршилтыг энэ оны сүүл хүртэл Унгар улсад хийх талаар news.ru мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, туршилтын явцад цаасан лонхтой 2000 AdeZ ундаа Kifli супермаркетад нийлүүлэгдэх гэнэ. 

 

Шингэнийг цаасан саванд савлах нь шинэ санаа биш бөгөөд сүү, бусад төрлийн ундааг цаасан уутанд савладаг болоод 100 гаруй жил өнгөрсөн бол кафед нэг удаагийн цаасан аягаар үйлчилдэг болоод ч багагүй хугацаа өнгөрсөн юм. Ийм савлагаа нь хуванцар лонх шиг байгаль орчныг бохирдуулдаггүй, дахин боловсруулахад хялбар байдаг. Гэвч өдгөө ашиглагдаж буй цаасан савлагаанууд хийжүүлсэн ундаа хадгалахад тохиромжгүй байдаг аж. 

 

Харин Coca-Cola  компанийн судалгааны хэлтэс өнгөрсөн онд Данийн Paboco гэх стартап болон бусад компаниудтай хамтран байгальд задардаг хуванцараар хийсэн дотортой бат бэх цаасан лонхны анхдаг хувилбарыг зохион бүтээжээ.

 

Шинэ үеийн лонх одоогоор анхдагч хувилбарын шатанд л яваа бөгөөд бага хэмжээгээр турших нь энэ загвар бодит байдал дээр хэрхэн зохицох, түүнчлэн шинэ савлагааг худалдан авагчид хэрхэн хүлээж авахыг судлах зорилготой гэж компанийн төлөөлөгчид онцолсон байна.

 

Төслийн эцсийн зорилго нь нүүрс хүчлийн хий, хүчилтөрөгч, шингэний нөлөөлөлд тэсвэртэй ундааны дахин боловсруулагдах лонх гарган авах явдал юм.  Ингэснээр дахин боловсруулсан  материалуудаар ийм савлагаа үйлдвэрлэж, дараа нь энгийн цаас мэт устгах боломжтой аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ