"Манай улс вакцин хүлээж авах бэлэн байдлаа хангасан"

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.17/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

 

-Монгол Улс дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн олон жилийн түүхтэй орон. Өөрөөр хэлбэл, коронавирус шиг цар тахлын хэмжээнд гарч байсан халдваруудыг вакцинжуулах үйл ажиллагааны хүрээнд хумьж байсан. Манай улс дархлаажуулалтын тухай хуультай. Хуулинд ямар үед тархвар судлалын заалтаар  иргэдийг вакцинжуулах ёстой талаар заалт бий. Тодруулбал, Тархвар судлалын заалтаар халдварт өвчний голомтод, халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний хүрээнд зохион байгуулахыг хэлнэ.

 

Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн улс орнууд энэ заалтын хүрээнд хийж байгаа. Манай улс мөн адил хуулийнхаа дагуу урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин нэвтрүүлэх бэлтгэл ажил олон талт арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа.

 

2020 онд COVAX хөтөлбөрт орох хүсэлтээ хүргүүлсэн. Энэ цагаас эхлэн бэлтгэл ажлаа хангаж ажилласан. Уг хөтөлбөрт хамрагдаж хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах хэмжээний вакцин авах нөхцөл бүрдсэн. Дэлхий дахинд бүтээгдэж байгаа гурван өөр хэмд хадгалах горимтой вакцин хүлээж авах бэлэн байдлаа хангасан.

 

Шинээр бүтээгдэж байгаа -70 хэмд хадгалах горимтой вакцин хүлээж авах, хадгалах нөхцөл бүрдсэн. Вакцин оруулж ирсэн цагаас эхлэн хүлээн авах,хэрэглэгчид хүргэх хүртэлх төлөвийг бүх үе шатандаа зохион байгуулсан. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ