Байден: Дараагийн Зул сар гэхэд халдварын нөхцөл тогтворжино

img

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бусад хотууд руу хийх анхны ажлын айлчлалаа Милуоки хотоос эхэлжээ. Тэрбээр энэ хотын оршин суугчидтай уулзсан талаар CNN мэдээлсэн байна. 

 

Жо Байден иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр Дональд Трамптай холбоотой шинээр мөрдөх ажиллагаа хийхээр төлөвлөж буй Хуульзүйн яамны ажилд хөндлөнгөөс оролцохгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн цагдаагийн газрын санхүүжилтийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа онцолсон байна. Мөн АНУ-ын хувьд гол аюул занал нь дотоодын терроризм хэмээн мэдэгджээ.

 

Харин коронавирусийн цар тахлын талаарх асуултад тэрбээр боломжит бүхнийг хийж байгаа хэмээн хариулсан байна.

 

"Эмч болон эрдэмтдээс авсан мэдээллээр ирэх Зул сар гэхэд нөхцөл байдал сайжрах байх. Сүргийн дархлаа үүссэнээр коронавирусийн тархалт эрс буурна. Дархлаажуулалт амжилттай явагдана гэж найдаж байна. Ингээд жилийн дараа бид хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх шаардлагагүй болох байх. Гэхдээ би юу ч амлахгүй" хэмээн Жо Байден мэдэгджээ.

 

Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 27.8 саяыг давсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Америк дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. АНУ өнгөрсөн оны сүүлээс вакцинжуулалтыг эхэлж, одоогийн байдлаар 15 сая орчим хүн вакцины хоёр тунг хийлгэсэн бол 39.7 сая хүн вакцинжуулалтын эхний шатад хамрагджээ.

 

Бусад орнуудын адилаар АНУ-д эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, ахмадын асрах байрны өндөр настнууд, архаг хууч өвчинтэй хүмүүс, үүний араас гал сөнөөгч, нийтийн тээврийн жолооч, шууданч, хөдөө аж ахуйн ажилтнууд зэрэг үйл ажиллагаа нь нийгэмд нэн чухал салбарын ажилтнууд вакцинд хамрагдах журам үйлчилж байгаа аж. 

 

АНУ-ын хүн ам 325 сая бөгөөд үүнээс 15 сая орчим хүн вакцины хоёр тун хийлгэснээр нийт хүн амынх нь 4.6 хувь нь вакцинд хамрагдсан гэсэн үг юм. Харин үлдсэн хувь буюу нийт хүн амыг вакцинжуулах ажлыг тавдугаар сараас нааш эхлэх боломжгүй гэж АНУ-ын холбогдох албаныхан мэдээлжээ. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ