С.Амарсайхан: Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан

Цар тахлын улмаас танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоож теле хичээлийг эхлүүлсэн. Засгийн газар, УОК-оос танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг зохион байгуулж буй тухай мэдэгдсэн. Гэвч хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг дахин хойшлуулжээ.
Энэ тухай Шадар сайд С.Амарсайхан "Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна.
Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан билээ.
Зайнаас хичээллэх нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч танхимаар хичээллэх боломж бүрдэх хүртэл хүүхдүүд та нарыгаа цахим, теле хичээлээ тогтмол үзэж, багшийнхаа өгсөн гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь хийж, ээж аав, ах эгчээсээ тусламж зөвөлгөө авч, идэвх чармайлттай суралцахыг хичээнгүйлэн хүсье" хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ