Журам зөрчигчид торгууль төлөх, ном уншиж "сэхээрэх" шийтгэл оноожээ

img

Германы Франкфурт хотноо олон хүн оролцсон эмх замбараагүй байдал гарснаас долоон сарын дараа энэ хэрэгтэй холбоотой анхны шүүхийн тогтоол гарсан талаар DW мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийнхан руу лонх шидсэн 20 настай Элиас гэх иргэнд 50 цаг олон нийтийн ажил хийх, 500 еврогоор торгож энэ мөнгийг хүүхдийн буяны байгууллагад шилжүүлэх, түүнчлэн ном унших шийтгэл оноосон гэнэ. 

 

Ийм өвөрмөц шийтгэл нь залуу эрийг хүмүүжихэд тустай гэж шүүгч үзсэн талаар Die Welt сонин мэдээлсэн байна. Шүүгч зургаан жилийн өмнө шилдэг борлуулалттай ном болж байсан цагдаагийн офицер Таня Камбуригийн "Цэнхэр өнгөөр гэрэлтэх Герман" номыг сонгожээ. Энэ номыг зүгээр ч нэг сонгоогүй бөгөөд зохиолч цагдаагийн офицер эмэгтэй номондоо хамтран зүтгэгчдийнхээ өдөр тутам тулгардаг аюул, цагдаагийн мэргэжлийн нэр хүнд унаж байгаа талаар, ялангуяа Ойрх Дорнодоос гаралта Германы суугуул иргэдийн дунд гэмт хэрэг өсч байгаа талаар өгүүлсэн байна. 

 

Грек гаралтай офицер Танягийн түүх мөн л цагаач гэр бүлд өссөн Элиасд ойлгомжтой байна гэж шүүгч үзжээ. Ингээд зөрчил гаргасан Элиас энэ номыг дөрвөн долоо хоногийн дотор уншиж, дараа нь шүүгчид номын тэмдэглэл хөтлөснөө харуулах ёстой гэнэ. Шүүгч түүнд хатуу шийтгэл оноогоогүй шалтгаанаа "залуу эр олон нийт болон согтууруулах ундааны нөлөөгөөр бодлогогүй үйлдэл гаргаснаа ухаарч, гэмшсэн" хэмээн тайлбарлажээ.

 

Эргэн сануулахад, 2020 оны долдугаар сарын 18-ны өдөр Германы Франкфурт хотын төвд залуус олноор цуглаж, зугаацах үеэр цагдаагийнхан тэднийг тарж, цар тахлын нөхцөлд олноор бөөгнөхгүй байхыг уриалсан юм. Харин цугласан олон үүнийг эсэргүүцэж эмх замбараагүй байдал үүсгэснээр цагдаагийн таван алба хаагч гэмтэж, 3 тонн шил хагарч, 15 мянган еврогийн хохирол учиржээ.

 

Энд сонирхуулахад, олон улсын шүүхийн практикт өвөрмөц шийдвэр гаргах явдал цөөнгүй байдаг. Тухайлбал АНУ-ын Охайо мужийн Майкл Чиконетти шүүгч гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорих ял оноохын оронд гэм буруугаа ухаарах төрөл бүрийн шийтгэл бодож олдог байжээ. Тухайлбал, цэнэглэсэн буутай гудамжаар гүйсэн этгээдийг цогцос хадгалах газар руу явуулан шийтгэсэн бол унадаг дугуй хулгайлсан этгээдийг энэ дугуйг 10 өдөр дараалан унах, харин сүмийг дээрэмддсэн эмэгтэйг сүмд ирсэн мөргөлч бүрээс өршөөл хүсэх шийтгэл оноожээ. Индонезид ч мөн хачирхалтай шийтгэл оноож байсан талаарх мэдээллүүд гарч байсан бөгөөд цар тахлын үед амны хаалт зүүх журмыг зөрчсөн этгээдүүдэд "коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн булшны нүх ухах" шийтгэл ч оноож байсан талаар Daily Mail мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Harin ch zub shiitgeluud bn daa
2021-02-20