Цар тахлын үед цэргийн жинхэнэ албан хаагч биш бол дүрэмт хувцас өмсөхгүй

Сайд, дарга нар зарим уулзалт, арга хэмжээнд цэргийн дүрэмт хувцас өмсөж оролцдог. Мөн аймгийн Онцгой комиссын гишүүд мэдээлэл хийхдээ цэргийн дүрэмт хувцас өмссөн харагдах болов. Тэгвэл цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ЗХЖШ ажиллаж эхэлжээ. Гол шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны зарим албан тушаалтан, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад тодорхой хязгаарлалтуудыг хийх аж.
Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир:
-ЗХЖШ-ын даргын тушаалаар 2019 онд батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д өөрчлөлт оруулах нэгдүгээр шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, эдлэх эрхгүй хүмүүс буюу төрийн зарим алба хаагч, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад хязгаарлалт хийх зорилготой.
Хоёрдугаарт, жигдрүүлэх зорилготой жижиг өөрчлөлтүүд багтаж байна. Тухайлбал, хээрийн хувцас өмссөн үед бууны гэрийг хэрхэн яаж зүүх вэ гэж. Бидний хэрэглэж байгаа бууны гэр хуучны загвараараа, харин дүрэмт хувцас шинэ загвараараа байгаа учир хэрхэн, яаж зүүх вэ гэдгээ нэг мөр цэгцэлнэ.
Нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байгаа сэдэв бол цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны албан тушаалтан, иргэд өмсөж байгаа тухай. Энд нэг зүйлийг тодотгоход тэдгээр албан тушаалтнуудыг Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн сургалт бэлтгэлд хамруулаад бэлтгэл офицер, ахлагч цол олгодог. Тэгвэл нэгэнт олгогдсон цэргийн дүрэмт хувцас, цолыг тэр хүмүүс нь хэзээ өмсөх ёстой байдаг вэ гэдэг их чухал сэдэв.
Цэргийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд:
"Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний ялгах тэмдгийн загвар, цэргийн дүрэмт хувцсыг нөгөө л дээр дурдсан буюу Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно" гэж заасан.
Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд л хамаарна. Тэд зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцсыг өмсөнө гэдгийг Цэргийн албаны тухай хуульд тодорхой заагаад өгчихсөн байдаг юм. Дайчилгаатай сургууль, цэргийн сургалт бэлтгэлээс бусад үед өмсөх эрхгүй гэсэн үг.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед ч, цар тахал, зуд турхантай үед ч цэргийн жинхэнэ алба хаагч биш л бол өмсөхгүй. Гагцхүү бэлтгэл үүрэгтэн танд “Дайчилгаатай сургуульд оролц, цэргийн сургалт бэлтгэлд хамрагд” гэдэг зарлан ирвэл л өмсөөд очно гэж ойлгох хэрэгтэй.
Аймаг, нийслэл, сум дүүргийн онцгой комиссын гишүүд цаг үеийн байдлаар мэдээлэл хийхдээ цэргийн дүрэмт хувцсыг энгийн хувцастай хольж өмсөх тохиолдлууд байсан. Энэ мэдээж буруу. Мөн л Монгол Улсын хууль, захиргааны хэм хэмжээг зөрчиж л байгаа хэрэг.

Цар тахлын нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй төрийн захиргааны алба хаагчид цэргийн хээрийн дүрэмт хувцсыг өмсөх, өмсөхдөө бүр дүрмийн бус өмсөж хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байгаатай холбогдуулан ЗХЖШ-аас 2020 оны 12 дугаар сард аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газар, Цэргийн штабуудад цэргийн дүрэмт хувцасны дүрмийн бус хэрэглээг арилгуулах тухай албан бичиг хүргүүлсэн. Энэхүү албан бичиг хүргэгдсэнээр энэ зөрчил харьцангуй багассан.
Нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн төслөө төрийн цэргийн байгууллагуудад санал авахаар хүргүүлээд байна. Шинэчлэн батлагдсаны дараа Хууль зүйн яаманд хүргүүлж, бүртгүүлсний үндсэн дээр цэргийн дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэх эрхгүй этгээдүүд өмссөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог болох механизм бүрдэнэ" гэв.
Эх сурвалж: ЗХЖШ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ