Бээжингийн Олимпын үеэр эрчим хүчний хэмнэлттэй, агаарт хаягдалгүй технологи ашиглана

img

2022 оны Өвлийн олимп болон Паралимпийг явуулах спортын бүхий л цогцолборуудын барилгын ажил дуусч, ашиглалтад хүлээлгэн өгсөн талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин, Янцин, Жанжякоуд байрлалтай 25 цэнгэлдэх хүрээлэнд Олимпийн тэмцээн уралдаанууд болох гэнэ. 

Хятадад болох Өвлийн олимп болон Паралимпийн наадам экологийг хамгаалах уриатай зохиогдох бөгөөд тиймдээ ч спортын бүхий л объектуудыг шинэлэг инновац болон экологийн технологийг ашиглан барьж, шинэчилжээ. 

Өвлийн олимпыг зохион байгуулах хүрээнд дэлхийд хамгийн том мөсөн гадаргуутай тавцан байгуулсан байна. Үүнийг хөлдөөхийн тулд нүүрс хүчлийн хийн дээр суурилсан шинэ эрчим хүчний үр дүнтэй систем ашиглаж байгаа аж. Хөлдөөх явцад энэ систем нь бусад хөргөх системтэй харьцуулахад эрчим хүчний зарцуулалтыг 40 хувиар хэмнэдэг гэнэ. Түүнчлэн нүүрстөрөгчийн хаягдал бараг гарахгүй гэдгээрээ онцлогтой бөгөөд Олимпын наадмын хүрээнд мөс бэлдэх энэ технологийг дэлхийд анх удаа ашиглаж байгаа нь энэ юм. 

 

Мөн хөргөх энэхүү шинэ систем нь дулаан үүсгэх чадвартай гэнэ. Тухайлбал цэнгэлдэх хүрээлэнг хөргөх үед үүссэн дулааныг Үндэсний тэшүүрийн төв тамирчдаа халуун усаар хангах болон бусад зорилгоор ашигласнаар жилд 2 сая кВт эрчим хүч хэмнэх боломжтой аж.

 

Жэнминь Жибао сонины мэдээлснээр 2008 оны Бээжингийн олимпын үеэр ашигласан олон спорт төвүүдийг өөрчлөн шинэчилж, Өвлийн олимпод ашиглахаар болжээ. Түүнчлэн Олимпын дараа ч эдгээр спортын объектуудыг улирлаас үл хамааран ашиглахаар төлөвлөсөн бөгөөд тухайлбал Өвлийн олимпын үеэр Үндэсний усанд сэлэлтийн төв керлингийн талбай болох бол дулааны улиралд усан спортын зориулалтаар ашиглах гэнэ.

 

Өвлийн олимпын үеэр олон шинэ технологи нэвтрүүлж байгаагийн нэг нь 5G сүлжээ аж. Энэ сүлжээний тусламжтайгаар "ухаалаг" спортын объектуудад чиглэл, байршлын систем суурилуулснаар хүмүүсийн бөөгнөрлөөс сэргийлэх боломжтой болох юм байна. Мөн тусгай гар утасны апликейшн гаргах бөгөөд үүний тусламжтайгаар зүг чигээ олохоос гадна шаардлагатай бол орчуулагчийн тусламж авах ч боломжтой гэнэ.

SHUUD.mn: XXIV Өвлийн Олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын дөрөвнөөс 22-ны хооронд Бээжин хотноо зохион байгуулагдана. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ