Багш нарыг вакцинд хамруулаад танхимын сургалтаа нээх хэрэгтэй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болсон. Ингэхдээ танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулах юм. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд, сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.
Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 3 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр бэлтгэл ажлаа хангасан байна.
Мөн коронавирус цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал болон теле, цахим хичээлийн үр дүнгийн талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр нийслэлд 2020-2021 оны хичээлийн жилд ахлах ангид 45124, дунд ангид 100634, бага ангид 172220 сурагч суралцаж байгааг онцолсон.
Тэгвэл цар тахлын энэ үед нийслэлд танхимаар хичээллэх зүйтэй эсэх, теле, цахим хичээлийн үр дүнгийн талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Теле хичээлээ үзэж байгаа ч үр дүн сайн биш
Баянзүрх дүүргийн иргэн Г.Батбаатар:
-Танхимын сургалтыг гуравдугаар сарын 10-наас эхлүүлсэн нь зөв. Манайх тавдугаар ангийн хүүхэдтэй. Хэдийгээр цагтаа теле хичээлээ үзэж байгаа ч үр дүн сайн биш. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад гуравдугаар сараас танхимаар хичээллэх хэрэгтэй.
Цахимаар хичээллэхээр хүүхдүүд утас, тоглоомонд донтож байна
Баянзүрх дүүргийн иргэн Д.Орхонтуул:
-“Нэг хаалга-Нэг шинжилгээ”- арга хэмжээгээр өрх бүрийг шинжилгээнд хамруулсан бол их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдыг гуравдугаар сарын 10-наас танхимаар хичээллүүлсэн нь зүйтэй. Гэхдээ нэг ангид суух сурагчдыг цөөн тоогоор зохицуулж, багш нараа вакцинжуулалтад хамруулах шаардлагатай. Удаан хугацаанд хөл хорионд байж, цахимаар хичээлээ үзэж байгаа ч хүүхдүүд ангийнхаа найзуудтайгаа хамт нэг танхимд суугаад хичээллэвэл илүү үр дүнтэй байна.
Манай хүүхэд нэгдүгээр ангид суралцдаг. Ажлынхаа хажуугаар хүүхдийнхээ хичээлийг хийлгэдэг. Ер нь ажилтай эцэг эхчүүдэд маш их ачаалалтай байгаа. Бага ангийн хүүхдийн хажууд заавал эцэг эх нь хамт байж хичээл, даалгаврыг нь хийлгэх шаардлагатай. Сургуулийн орчинд мэргэжлийн багш нь хичээл заавал хүүхдийн хүлээж авч ойлгох нь хүртэл өөр байдаг. Гэртээ ээж аавтайгаа байхаар эрхлээд хичээл хийлгэхэд хүндрэлтэй./инээв/
Теле, цахим хичээлийн үр дүн сайн биш. Жишээлбэл, өнөөдөр манай хүүгийн анги “Ч” үсэг үзсэн. Үсгийг нь урд өдөр нь зааж өгөөд, хичээлд нь суулгахаар ойлгож байна. Хэрэв өмнөх өдөр нь маргааш үзэх үсгийг нь зааж өгөхгүй бол теле хичээлийн богино хугацаанд ойлгож, тогтооход хүндрэлтэй байгаа.
Мөн ангийнхантайгаа танилцаад удаагүй байтал хөл хорио тогтоосон болохоор одоо бол ангийнхныгаа бараг танихгүй байна./инээв/
Танхимын сургалтыг эхлүүлэхдээ багш нарыг вакцинжуулалтад хамруулсан байх шаардлагатай. Нэмж хэлэхэд гэрээсээ цахимаар хичээллэхээр хүүхдүүд утас, тоглоомонд донтож байна.
Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож танхимын хичээлд хамруулах хэрэгтэй
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Отгонбаяр:
-Танхимын хичээлийг гуравдугаар сараас эхлүүлсэн нь зөв байх. Нэгдүгээр анги, арванхоёрдугаар ангийн хүүхдүүдэд хохиролтой байна. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож байгаа бол танхимын хичээлд хамруулах хэрэгтэй.
Танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй
Сүхбаатар дүүргийн иргэн Б.Хоролсүрэн
-Хүмүүс танхимын хичээлийг эхлүүлэх хэрэгтэй гэж ярьж байна. Гэхдээ миний бодлоор коронавирус цар тахлын энэ үед танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын дараа багш нарыг вакцинжуулалтад хамруулаад танхимын сургалтыг эхлүүлсэн нь зөв. Би гурав, зургадугаар ангид сурдаг хоёр ачийнхаа хичээлийг хийлгэдэг. Гэртээ хичээл хийж байгаа болохоор анхаарал нь сайн төвлөрөхгүй асуудал бий. Гэхдээ нэг үеэ бодвол гэрээр теле хичээлээ хийж сурч байна. Заримдаа “Эмээ, ангидаа хичээлээ хиймээр байна” гэдэг шүү дээ./инээв/
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ