ШУУД: Нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, билетийн үнийг буурууллаа

Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг яаралтай татан авах ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд гадаад улсаас ирэх иргэдийн тусгаарлах хоногийг багасгах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, хуваарийг 1-2 сарын өмнө зарлах билетийн үнийг бууруулах зэрэг саналыг УОК-т танилцуулсан. Тодорхой үр дүнтэй ажиллаж байна.
Шадар сайдын тушаалаар хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн эх орондоо ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаж, үлдсэн 4 хоногийг гэрийн ажиглалтад байх журам хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд өөрийн хүсэлтээр тусгаарлагдах байраа сонгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар 9411 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ. Эдгээр иргэдийн нутаг буцах хугацаа харилцан адилгүй байгаа ч Засгийн газрын зүгээс тавдугаар сарын 01-ний өдөр гэхэд татан авахаар төлөвлөн ажиллаж байна.
Унгар улсад суралцаж буй оюутнуудыг "Хүннү эйр" компани нислэг үйлдэж авч ирнэ. Цаашид агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьт нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлэлцээрийг хийж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байгаа.
Иргэдийг агаарын замаар татан авахаас гадна, хөрш орнуудаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг ГХЯ-ны зүгээс УОК-т танилцуулсан. Мөн ОХУ-аас буцах хүсэлтээ гаргасан 43 иргэнийг өчигдөр Алтанбулаг боомтоор татан авсан.
Өнөөдрийн байдлаар 93 улсаас 29385 хүнийг татан авсан байна. Үүнд агаарын замаар 126 удаагийн нислэгээр 22675 иргэн, авто замын боомтоор 6710 иргэн ирсэн байна.
Иргэдэд туслах сангийн журмаар энэ оны эхний хоёр сард 65 иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхэд 75 сая төгрөг зарцуулжээ. Цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүнд нөхцөлд орсон монгол иргэдийг эх оронд нь ирүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд НҮБ-ын ОУШХБ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд нийт 941 иргэнд 3,4 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэхүү тусламжийг Их Британи, Чех, ЕХ зэрэг хандивлагчдын дэмжлэгтэйгээр олгосон.
“МИАТ” компанийн коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд:
-Иргэдийн татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Иргэдийн хүсэлт гаргасаар ирсэн учир УОК-оос хуралдаж ТӨХК-д чиглэл өгсөн. Тодруулбал, Бүх чиглэлийн билетийн үнийг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн. Үүний дагуу билетийн үнийг хямдруулсан. Гуравдугаар сарын 01-нээс буюу ирэх сараас эхлэн татан авалтын нислэг үргэлжлэх хугацаанд хүчинтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ