Шинэ цэрэг халууддаа дэглүүлэх ҮҮРЭГТЭЙ юу?

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан 19 настай байлдагч нас барсан хэрэг /2019.01.22/ гарч байв. Талийгаач Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж Зүүнбаянг зорьсон. Харин дөрвөн сарын дараа ижий, аав нь хүүгийнхээ цогцсыг “Хүүрийн толбо үүссэн, гадны нөлөөгүй” гэсэн мэдэгдэлтэй хамт хүлээн авсан.
Цэрэгт татагдсан хугацаанд зодуулж, дарамтлуулдаг байсан тухай Тангарагийн баярын үеэр ээждээ ярьж, “Хурдан аваарай” хэмээж байсан. Мөн энэ талаар ахтайгаа утсаар холбогдон хэлж байсан гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн хэлж байлаа.
Тухайн үед Бригадын генерал Б.Амгаланбаатар "Байлдагчид цэргийн ангийн дотоод журам зөрчсөн /гар утсаар ярьсан/ учраас гадна талбайд гарч гүйлгэсэн. Байлдагч А гүйж чадахгүй болоод жагсаалаас гарах үед нь "баашиллаа" гээд цохисон асуудал байгаа. Энэ нь үхэлд хүргэсэн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлогдоно. Гүйж ирээд байрандаа орж ирсэн нь цагдаагийн байгууллагын хурааж авсан бичлэгэнд байгаа. Хувцсаа өлгөж байхдаа өлгүүрт хүрч чадахгүй байсан тул ахлагч нь түшээд орон дээр суулгасан юм билээ. Түүнээс талбай дээр ухаан алдаагүй" гэдэг тайлбар мэдээллийг өгсөн.
Тун саяхан хал цэргүүд шинэхэн байлдагч нарыг дэглэж, дуулуулж, доромжлон шоглож бах таваа хангаж буй зүй бус үг хэллэгтэй дүрс бичлэг цацагдаж хүүгээ цэрэгт үдсэн олон ижий, аавын санааг чилээгээд байна.
ЗХЖШ-ын хэвлэлийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр "Цэргүүд нэгнээ дэглэсэн үйл явдал болсон нь үнэн. Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр 032 дугаар анги дээр дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Халагдах гэж байсан, 2019 оны хоёрдугаар ээлжинд татагдаж ирсэн дайчид чөлөөт цагаараа 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн байлдагчидтай зүй бус, ёсзүйгүй харилцсан байна” гэсэн.
Шинэ цэргүүд дэглүүлэх ёстой. Удахгүй хал цэрэг болоод “өшөөгөө” өөр шинэ цэргүүдээс авч болдог гэх бичигдээгүй хууль мэт хэт хуучирсан, зүй бус үг цэргийн албанд одоо ч ам дамжин яригдсаар байгаа. Тэгвэл цэргүүд дэглүүлж, зодуулах үүрэгтэй юу?

Цэргийн алба хаагч нь:
Эх орон, төр, ард түмнээ хүндэтгэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх;
Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлж, захирах, захирагдах ёс, цэргийн албаны ёс зүйн хэм хэмжээг мөрдөх;
Үүргээ эрэлхэг зоригтой, санаачилагатай, сахилгатай, үнэнч шударга биелүүлж, тохиолдсон бэрхшээлийг тэсвэртэй даван туулах үүрэгтэй” гэж Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрэмд заажээ.
Харин хал цэргүүдэд зодуулж, дарамтлуулж байж сая эр хүн, цэрэг эр болдог гэх заалт алга. Хэрэв 2019 онд Зүүнбаянд амиа алдсан 19 настай хөөрхий хүү ийм зодуур, дэглүүрийн улмаас хорвоог орхисон бол яах вэ. “Ээж ээ, хурдан ирж аваарай” гэх үг нь арга ядсан, амь гуйсан тусламжийн дуудлага байсан бол хэрхэх вэ. Дахиад цэрэгт яваад цогцос болоод буцаж ирэхгүй байх амь насны баталгааг хэнээс нэхэх вэ?
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ