Удирдах албан тушаалтныг үнэлэх удирдамж батлагджээ

img

Төрийн албаны зөвлөлөөс 2012 оныг "Төрийн удирдах албан тушаалтны манлайллын жил"  болгохоор шийдвэрлэсэн. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны эхний хуралдаанаар "Төрийн удирдах албан тушаалтны манлайллын  төвшинг үнэлэх удирдамж"-ийг  боловсруулан баталжээ. Энэ удирдамж нь Төрийн  албаны тухай хууль тогтоомж, стандартыг тууштай хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус, мерит зарчимд тулгуурласан  төрийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд төрийн болон төсвийн байгууллагын ерөнхий менежерүүд, удирдах албан тушаалтны хүлээх үүрэг,  ёс зүйн хариуцлага, манлайллыг шаардагдах түвшинд хүргэж жигдрүүлэх зорилготой юм. Манлайллын түвшингийн үнэлгээнд улс төрийнхөөс бусад төрийн албаны бүх ангиллын удирдах албан тушаалтан хамрагдана. 2011 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар бүх шатны төрийн болон төсвийн байгууллагад  4000 орчим ерөнхий менежер, 18400 орчим нэгжийн дарга, менежер ажиллаж байна. Өөрийгөө хөгжүүлэх, хамт олноо хөгжүүлэх, байгууллагаа хөгжүүлэх гэсэн гурван үзүүлэлтээр удирдах ажилтны түвшинг Төрийн албаны зөвлөл,  Салбар зөвлөл, байгууллагын ерөнхий менежерүүд дүгнэх юм. Төрийн албаны зөвлөл  нь өөрийн дүгнэлтээр нэр дэвшүүлэн томилсон удирдах албан тушаалтан болон Салбар зөвлөлгүй  байгууллагын удирдах албан тушаалтны, Салбар зөвлөлүүд нь харьяа салбар, нутаг дэвсгэр дэх байгууллагуудын удирдах албан тушаалтны, ерөнхий менежер нь байгууллагын нэгжийн дарга (менежер)-ын манлайллын түвшинг тус тус үнэлнэ. Төрийн албаны удирдах албан тушаалтанд өгсөн  үнэлгээ дүгнэлт нь тухайн удирдах албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах шууд үндэслэл болохгүй юм. Харин дээрх үнэлгээ дүгнэлтэд үндэслэн, удирдах албан тушаалтны манлайллыг бүх үзүүлэлтээр жигдрүүлэх, манлайллын түвшинг дээшлүүлэх талаар Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс хугацаатай үүрэг өгөх, түүний хэрэгжилтийг хангуулах ажлыг нэн тэргүүнд зохион байгуулахаар энэхүү удирдамжид тусгажээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ