Л.Оюун-Эрдэнэ: Эмэгтэйчүүдээ бухимдуулсан бол УУЧЛААРАЙ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалтай газар дээр нь очиж танилцлаа. Манай улс тавдугаар сарын нэгнээс агаарын хилээ нээж, вакцинжуулсан иргэдийг хүлээж авах бэлтгэл хангаж байгаа. Тэгвэл Японы талтай ирэх долдугаар сарын нэгэнд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь нээх гэрээтэй юм байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Тэрбээр өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хуралд оролцохдоо "Хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, дөнгөж 17, 18 насандаа гэрлэх үзүүлэлт рүү орж байна. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг. Энэ мэт зүйлийг жендэрийн тэгш бус зүйл дээр ярихаар аргагүй байна" хэмээн хэлсэн нь олны шүүмжлэлд өртсөн.
ВИДЕО: Гэрлэлт хэт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг
Харин Хөшигийн хөндийн үйл ажиллагаатай танилцаж, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлал хүсч:
-Өчигдөр Засгийн газрын хуралдааны дараагаар нийгмээр хэлэлцүүлэг болсныг би мэдсэн. Жендэрийн үндэсний хорооны дарга нь Ерөнхий сайд байдаг. Энэ хорооны үйл ажиллагаа бэлгэ тэмдгийн байдалтай явж ирсэн. Тиймээс Засгийн газраас эмэгтэйчүүдийг хамгаалах асуудлаар далайцтай ажиллая гэдэг агуулгаар бид хуралдсан. Ерөнхий сайдын хувьд би хэдэн асуудал хөндсөн.
Эмэгтэйчүүдийн хамгаалах өдрийг сонгодог утгаар нь тэмдэглэе гээд эрхийн асуудлыг хөндсөн. 2021 онд дараах гурван асуудлыг барьж авч хэрэгжүүлье. Монгол Улсад мөрдөн байцаалтын шатанд эмэгтэй хүн хэзээ ч дахин эрүүдэн шүүлтэд оруулахгүй байх. Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн цэгцэлье. Авилгын индексийг бууруулж 111 дүгээрт бичигдэж буй жагсаалтаас хоёр оронтой тоо руу шилжихэд эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангаж, авилгын эсрэг Монголын эмэгтэйчүүд нэгдэж буйг зарлая гээд бусад улсуудын жишээг дурдсан. Тухайлбал, 1950-иад онд хэрэгжүүлсэн байсан хөдөлмөр эрхлэхтэй холбоотой цэргийн алба хааж байсан жишээг ярьсан. Буруу ойлгогдохоор явсан байна лээ. Үүнийг хуульчилж хийнэ ч гэдэг агуулгаар яриагүй. Хүйсийн тэгш бус байдал бол соёлын асуудал. Манай эмэгтэйчүүд цэрэгт явахад бэлэн байгаагаа илэрхийлсэн постууд тавигдсан гэж надад хүмүүс хэлсэн. Эмэгтэйчүүд цэрэгт явж чадахгүй гэдгээр харах өнцөг биш. Хүйсийн тэгш байдал дээр бэлэн байгаа сэтгэлзүйн өнцөг байгааг хүмүүс хэлж байсан.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар бага байгаа дээр тулгуурлаж, жишээ ярьсан. Ерөнхий сайдын хувьд эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахад манлайлан оролцох байр сууриа илэрхийлсэн юм. Эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Баярынх нь өмнөх өдөр бухимдуулсан бол уучлаарай. Гэхдээ маш цоглог байсныг ажигласан. хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ