Ажлын байрыг дэмжих 2 их наяд төгрөгийн зээлийг өнөөдрөөс гаргана
12:15 цаг:
Сангийн сайд Б.Жавхлан:
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцуулсан. Иргэд рүү чиглэсэн ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг өнөөдрөөс гаргаж байна. Ипотекийн зэрэг зээлүүд хэвийн үргэлжилж байгаа. Иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг дэмжих зээлийг өгнө. Төлөвлөгөө зургаан чиглэлтэй. Сангийн яамны зүгээс Төв банкны төсвийн бодлогыг уялдуулна. Энэ жилийн төсвийн гүйцэтгэл болон УИХ-аас Монголбанкинд даалгавар өгсөн мөнгөний бодлоготой уялдуулж явуулна. Засгийн газар батлан даалт гаргаж, иргэд, ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийг гаргахаар арилжааны банкуудтай үзэглэлээ. НӨАТ төлөгч байх шаардлагыг тавьж байгаа. Энэ зээлийн үйлчилгээнд иргэд хамрагдана. Бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. НӨАТ төлөгч байх нь зөвхөн аж ахуйн нэгжид хамааралтай. Иргэдэд хамааралгүй. Судалгаагаар 26 мянга орчим иргэд хамрагдахаар байгаа.
Бид зээлээр дамжуулж эдийн засгийн идэвхижлийг хийнэ. Зээл, төсөв, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар эдийн засгийн идэвхижлийг сэргээдэг. Эдийн засаг дахь зээлийн идэвхижил байхгүй бол төсөв өөрөө эрсдэлд ордог.
Бид төсөв дээрээ 4.1 их наяд төгрөгийн ачааллыг авч хүндрэлтэй үеийг даван туулж байгаа. Цаашдаа төсөв дээр ачаалал авч, эдийн засгийн идэвхжлийг хийж боломжгүй. Харин одоо 20 дахин бага ачааллыг төсөвт авч, эдийн засгийн идэвхжлийг хийх гэж байна. Өөрөөр хэлбэл банкны өөрийнх нь хөрөнгөөр эдийн засгийг идэвхжүүлнэ.
Мөн арилжааны банкуудаас өмнө нь авсан жилийн 15 хүртэлх хүүтэй зээлээ гурван хувийн хүү рүү шилжүүлэх боломж олгож байгаа. Зээлийг аваад дамжуулаад зээлэх, зориулалт бусаар зарцуулвал арилжааны зээл рүүгээ шууд шилжинэ. Өмнө нь төлсөн хүүгийн дэмжлэгийг банкаас татна, зээлийн батлан даалтын сангаас гаргана. Монголбанк, Засгийн газраас хяналт тавих зохицуулалтыг хийсэн.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулж байна
12:05 цаг:
Засгийн газар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө" хөтөлбөрийг баталсан. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна.
ЖДҮ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор тусгасан нь иргэдийн дунд хамгийн их эрэлт дагуулж, хаана, хэрхэн хандах талаар асуулт тавьж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Сангийн яам болон Монголбанкны удирдлагууд танилцуулж байна.
Н.Нягт
Уншиж байна |