ШУУД: 2 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоно
2021-03-09

 

Засгийн газар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц  төлөвлөгөө" хөтөлбөрийг баталсан.  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна.

 

Эхний ээлжинд ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийг өнөөдрөөс гаргахаар болжээ.  Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар  Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

 

-Энэ онд 700 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөсөн. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд банкинд тодорхой хэмжээний эх үүсвэр цугласан байгаа. Аж ахуйн нэгж ажлын байраа нэмэгдүүлэх, сэргэлтэд нь дэм болох зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоёр их наяд төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй олгохоор төлөвлөж байна гэлээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин