Европын зөвлөл Хятад, Оросыг вакцин тойрсон суртал ухуулгад буруутгав

img

БНХАУ болон ОХУ-ын эрх баригчид суртал ухуулга явуулахын тулд коронавирусийн вакциныг ашиглаж байна гэж Европын зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгджээ. Орос болон Хятад улс бусад орнуудад "маш хязгаарлагдмал хэмжээгээр" вакцин нийлүүлж байгаа ч энэ талаараа олон нийтэд ихээхэн ярьж, сурталчилж байна хэмээн Шарль Мишель мэдэгдсэн байна. 

 

"Бидэнд ирсэн мэдээллээр эдгээр орнуудад 100 хүн амд ноогдсон тун Европын холбооныхтой харьцуулахад хоёр дахин бага байна. Мөн Европ суртал ухуулгын зорилгоор вакциныг ашиглахгүй. Бид үнэт зүйлээ урагшлуулна" хэмээн Европын зөвлөлийн тэргүүн цохон тэмдэглэсэн байна.

 

Түүнчлэн улс орнуудад вакцин хуваарилах үед гарсан "Европ амин хувиа хичээж байгаа" гэх байр суурийг няцаасан байна. АстраЗенека вакцин үйлдвэрлэгчтэй маргаан гарах үед Европын холбоо гуравдагч орнууд руу нийлүүлэх хяналтын хамгаалалтын механизм хэрэгжүүлсэн ч экспортлохоо зогсоогоогүй гэж Европын зөвлөлийн тэргүүн мэдэгджээ. 

 

Их Британи болон АНУ коронавирусийн экспортыг бүрэн зогсоосон гэж Шарль Мишель мэдэгдсэн байна. Харин Их Британи Мишелийн мэдэгдлийг үгүйсгэж "Британийн засгийн газар коронавирусээс сэргийлэх аливаа вакцины экспортыг хэзээ ч хориглоогүй" хэмээн Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. 

 

Энд дуулгахад,Унгар, Чех, Словак зэрэг  Европын холбооны зарим орон вакцины хүрэлцээгүйн улмаас Орос болно Хятадаас вакцин худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн юм. Унгар улс Хятадын Синофарм вакцинаас 5 сая тун, Оросын "Спутник V" вакцинаас 2 сая тун авахаар захиалсан бол Чехийн Ерөнхийлөгч Милош Земан ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хандан Оросын вакцин нийлүүлэх хүсэлт тавихад Путин зөвшөөрсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ