COVID-19: Германд гэрээс ажиллах хугацааг сунгаж, Палестинд эмнэлгүүд дүүрэв

Одоогоос яг нэг жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварыг "ЦАР ТАХАЛ" хэмээн зарлаж байлаа. Хятадад коронавирусийн халдвар бүртгэгдсэн талаар анх олон улсад зарласнаас хойш жил гурван сар, "цар тахал" хэмээн зарласнаас хойш ийнхүү нэгр жилийг үдэж байна. Дэлхий дахин цар тахалтай тэмцсэн хэвээр, улс орнууд халдвараас сэргийлэх вакцинжуулалтаа хийж байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр дэлхий даяар халдварын тохиолдол 118 саяд хүрч, 2.6 сая хүн халдварын улмаас нас барсан бол 93 сая хүн эдгэрчээ. Өнгөрсөн хоногт дэлхий дахинд цар тахалтай холбоотой гарсан үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Германд гэрээс ажиллах хугацааг сунгав
Германы Засгийн газар ажилтнуудыг гэрээс ажиллуулах горимд шилжүүлэхийг ажил олгогчид уриалсан журмын хугацагаа сунгасан талаар DW мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, компаниуд ажилтнуудаа дөрөвдүгээр сарын сүүл хүртэл гэрээс ажиллуулахаар болсон байна. Өмнө нь энэ журам гуравдугаар сарын 15-наар дуусгавар болох байв. Гэрээсээ ажиллах нь цар тахалтай тэмцэхэд чухал хүчин зүйл бөгөөд хүмүүсийн шууд хавьтал болох явдлыг бууруулдаг гэж Германы Хөдөлмөрийн сайд Хубертус Хайль мэдэгджээ.
Эстони АстраЗенека вакцин ашиглахаа түр зогсоолоо
Эстони улс Австрид АстраЗенека вакцин тариулсны дараа нэг хүн нас барж, өөр нэг хүн өвчилсөн тохиолдлын дараа эдгээр хэргийн шалтгаан тодрох хүртэл АстраЗенека вакциныг түр хугацаанд ашиглахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар Эстонийн ERR олон нийтийн телерадио дамжуулалтын корпораци мэдээлсэн байна.
Өмнө нь Австрид 49 настай сувилагч вакцин тариулснаасаа хойш 10 хоногийн дараа нас барсан бол 35 настай сувилагчийн уушгины артерийн судас бөглөрчээ. Эдгээр тохиолдлууд нь вакцинтай холбоотой гэх баталгаа байхгүй гэж Австрийн Эм бэлдмэлийн хэлтэс мэдэгдсэн байна. Гэхдээ сэрэмжлэх үүднээс АстраЗенека вакцин ашиглахыг түр зогсоожээ.
Палестин хүнд байдалд байна
Палестины эмнэлгүүд коронавирусийн халдвартай өвчтөнүүдээр дүүрч, Иордан голын Баруун эрэг дэх зарим дүүргийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээнүүдийн тасгууд хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа талаар Палестины Засгийн газрын тэргүүн Мухаммед Штайе мэдэгджээ. Түүний өгүүлснээр, зарим дүүргүүдэд эмнэлгүүдийн ачаалал хэдийнэ хэтэрсэн гэнэ.
ВВС агентлагийн мэдээлснээр, нийтдээ 5.3 сая палестин хүн амьдардаг Иордан голын Баруун эрэг, Газын зурвас ердөө 34.7 мянган тун коронавирусийн вакцин хүлээн авсан байна. Цар тахал эхэлснээс хойш Палестины нутаг дэвсгэр дээр халдвар авсан хүний тоо 177 мянгын давж үүнээс 2000 орчим нь нас баржээ.
Хятад, Орос вакцины алийг нь сонгох вэ?
Германы Берлин хот дахь Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгийн дэргэдэх Вакцинжуулалтын байнгын хорооны дарга Томас Мертенс Оросын "Спутник V" вакциныг ихээхэн үнэлсэн талаар Rheinische Post мэдээлжээ.
"Энэ бол Европын холбоонд ч хэзээ нэгэн цагт зөвшөөрөгдөх сайн вакцин. Оросын судлаачид вакцины салбарт арвин туршлагатай. "Спутник V"-ыг ч чадварлаг боловсруулсан" хэмээн тэрбээр Rheinische Post сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, гуравдугаар сарын эхээр Европын эм бэлдмэлийн агентлагт "Спутник V" вакциныг бүртгүүлэхэд шаардлагатай үнэлгээ шинжилгээний ажил эхэлсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Одоогоор Европын холбоонд BioNTech/Pfizer, Moderna болон AstraZeneca вакциныг зөвшөөрч байгаа юм. Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Америкийн Жонсон энд Жонсон компанийн вакциныг бүртгэж магадгүй талаарх мэдээлэл гарчээ.
Европын холбоонд ийнхүү Оросын вакциныг ч сонирхож байгаа бол Мексиз Хятадаас коронавирусээс сэргийлэх вакцины нэмэлт тунг захиалсан талаар тус улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгдсэн байна. Энэ удаад тус улс 22 сая тун авахаар болжээ.
Харин Гондурас улс "Спутник V" вакциныг худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан талаар тус улсын Ерөнхийлөгч Хуан Орлнандо Эрнандес мэдэгджээ. Гондурас улс түргэвчилсэн журмаар хоёрдугаар сард Оросын вакциныг бүртгэсэн бөгөөд энэ вакцинаас 4.2 сая тун авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ