ЭЕШ-д бүртгүүлэхдээ зураг буруу оруулах, нууц үгээ мартах зэрэг алдаа гаргаж байна

img

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусгавар болно. ЭЕШ-ын бүртгэл эхэлснээс хойших энэ хугацаанд шалгуулагчдын гаргаж буй нийтлэг алдаа, анхаарах асуудлын талаар БҮТ-ийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяагаас тодрууллаа.

 

Өнөөдрийн байдлаар хэдэн шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар 6872 хүүхэд цахим хуудсанд хандаж бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан байгаа бол 2104 шалгуулагч бүртгэлийн хураамжаа төлж бүртгэлээ баталгаажуулсан байна.

 

-Монгол хэл бичгийн шалгалтын тов гарсан уу?

 

-Коронавирус цар тахлын улмаас өнгөрсөн жил шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалт аваагүй. Харин энэ жил авах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор шалгалтын тов гараагүй байна.

 

-ЭЕШ-д бүртгүүлж байгаа шалгуулагчид бүртгэлийн явцад ямар нийтлэг алдаа гаргаж байна вэ?

 

-Бүртгэлийн зураг буруу оруулах, бүртгэлийн дугаар, нууц үгээ мартах зэрэг асуудал гарч байна. Шалгуулагчид маань Боловсролын үнэлгээний төвийн цахим хаяг болон лавлах утсаар холбогдож тодруулж байна.

 

-“Боловсролын үнэлгээний төв”-ийн цахим хаягаар дамжуулан “Мэргэжилтэн зөвлөж байна” булан ажиллуулж байгаа юм билээ? Хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

 

-Тиймээ, Бид төлөвлөгөөний дагуу шалгуулагчдадаа зориулан зөвлөгөө, зөвлөмж мэдээллүүдээ хүргэж байна. Үүний нэг нь “Мэргэжилтэн зөвлөж байна” булан юм. Уг зөвлөмж маань гуравдугаар сарын эхний 7 хоногт эхэлсэн тавдугаар сарыг дуустал явуулахаар төлөвлөж 7 хоногт 3 удаа зохион байгуулж байна. Цаашлаад дараа дараагийн зөвлөмж зөвлөгөө мэдээллүүдийг бэлтгэн хүргэнэ.

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ