ГБХЗХГ-аас хүчирхийллийн хохирогч хүүхдийн хувийн мэдээллийг нууцлахыг уриаллаа

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.
Нийслэлийн асрамж, халамжийн 28 төвд 867 хүүхэд амьдарч байна. “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017-2020 оны хугацаанд хараа хяналтгүй 441, хараа хяналт сул 564, хөдөлмөр эрхлэгч 220, нийт 1225 хүүхдийг илрүүлжээ. Арга хэмжээгээр илэрсэн хүүхдүүдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулга, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.
“Хүүхдийн тусламжийн утас-108 төв”-д өнгөрөгч 2020 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар ийт 2717 дуудлага иржээ. Үүнээс эрсдэлийн түвшин өндөр 2131, эрсдэлийн түвшин дунд 269, эрсдэлийн түвшин бага 237 байна. Мөн хяналтад байгаа 1336, хаагдсан 1381 байгаа нь өмнөх оноос 5 хувиар буурчээ.
Нийслэлийн хэмжээнд 2019 онд 1418, 2020 онд 432 хүүхэд түр хамгаалах байраар үйлчилгээ авсан байна. Түр хамгаалах байранд нэг хүүхдийг 5 хоногийн хугацаатай байрлуулж, үйлчилгээ үзүүлэх зардал 60,680 төгрөг аж. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд 2020 онд 1326 хүүхэд ирсэн бөгөөд ихэнх хүүхэд 10 хоногоос 3 сар хүртэл хугацаагаар байрладаг аж.
Хүүхдийн эрх ашигтай холбоотой мэдээлэл хариуцлагатай хандаж мэдээлэхээс урьдаж мэргэжлийн байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг уулзалтын үеэр онцоллоо. Учир нь хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, анги зэрэг хувийн мэдээллийг нууцлахгүй мэдээлэгдэх явдал их байгаа аж. Иймд:
НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенц, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтийг хангах, албан хаагчдад сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулах;
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 тоот тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг бичиг баримт”-ыг үндэслэн өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон “Хүүхэд хамгааллын бодлого” боловсруулж, албажуулан хэрэгжүүлэх;
Албан хаагчдад хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм танилцуулж, үйл ажиллагаанд нь хэрэгжүүлэх;
Хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, анги зэрэг хувийн мэдээллийг нууцлах;
Хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн мэдээ, мэдээллийг бэлтгэхдээ мэдээллийн тэнцвэртэй, үнэн бодит байдалд анхааран талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэхэд анхаарах;
Хүүхдийг нас бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг хэвлэл мэдээллийн ажилчдад уриаллаа.
Хүүхдийг хамгаалах үүргийг хэн хүлээх вэ?
Хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Хэрвээ эцэг эх, асран хамгаалагч болон бусад хүмүүс үүргээ биелүүлэхгүй байвал төр оролцдог. Төр оролцоно гэдэг нь хамгаалуулах эрх нь зөрчигдсөн хүүхдэд шаардлагатай үйлчилгээг хууль, журмын дагуу үзүүлнэ гэсэн үг.
Тухайлбал, хүүхэд хүчирхийлэлд өртснийг харсан, мэдсэн иргэн мэдээлэх үүргийнхээ дагуу холбогдох мэргэжлийн хүмүүст хэлнэ, хүүхдээ гэмтээж бэртээсэн, хүчирхийлэл үйлдсэн иргэнийг цагдаагийн ажилтан баривчлаж, хохирсон хүүхдэд эмч эмнэлгийн тусламж үзүүлж, нийгмийн ажилтан хүүхэд гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай дэмжлэг тусламжид холбож өгдөг. Өөр өөр үйлчилгээ үзүүлж байгаа эдгээр байгууллага хүүхдийг хамгаалахын тулд нэгдэж хамтран ажиллах шаардлагатай болдог. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ