Нидерландад АстраЗенека вакцин ашиглахыг зогсоов

Европын өөр нэг улс АстраЗенека вакцин ашиглахыг зогсоосон талаар ВВС мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр урьдчилан сэргийлэх зорилгоор энэ вакцин ашиглахыг түр зогсоох шийдвэрийг Нидерландын Засгийн газар гаргажээ.
Тодруулбал, Дани болон Норвегийн орнуудад гарсан вакцины дараа цус бүлэгнэсэн гаж нөлөөний талаарх мэдээллийн улмаас урьдчилан сэргийлэх үүднээс Нидерландын Эм бэлдмэлийн газар АстраЗенека вакциныг ашиглахаа түр зогсоох шийдвэр гаргасан байна.
Нидерландад одоогоор ноцтой гаж нөлөө бүртгэгдээгүй, мөн АстраЗенека вакциныг тарьсны дараа цус бүлэгнэлт үүсдэг гэх баталгаа байхгүй гэдгийг тус улсын Засгийн газар онцолжээ.
Эргэн сануулахад, АстраЗенека вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдол гарсны улмаас Европын хэд хэдэн орон энэ вакциныг ашиглахаа түр зогсоосон юм. Европын эм бэлдмэлийн хяналтын газрын мэдээлснээр гуравдугаар сарын 12-ны байдлаар АстраЗенека вакцин тариулсан гурван сая хүнд цусны бүлэгнэлийн 22 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь вакцин хэрэглэсэнтэй холбоогүй гэж холбогдох албаныхан мэдэгдсэн ч нас баралтын шалтгаануудыг үргэлжлүүлэн судлаж байгаа юм.
Ийнхүү АстраЗенека вакцины талаарх сөрөг мэдээллүүд гарсны дараа Британи-Шведийн хамтарсан АстраЗенека компани өөрийн үйлдвэрийн коронавирусээс сэргийлэх вакцин аюулгүй гэж мэдэгдсэн юм. Европын холбоонд 17 сая гаруй хүнд энэ вакциныг хийсний дараа эрүүл мэндийн байдлыг нь судлахад уушгины судасны бөглөрөл, цусны бүлэгнэл үүсэх эрсдэл байхгүй гэсэн дүн гарсан талаар үйлдвэрлэгч компани онцолж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ