ШУУД: 122 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.15/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд аймгийн лаборатори, нийслэлийн дүүргүүдийн салбар лабораторид нийт 9410 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 122 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 4083 боллоо. Дотоодод халдварт өртсөн хүмүүсийн тоо 3551 болжээ. Тодруулбал, 117 тохиолдол нь ойрын хавьтал бол таван хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал,
-
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо
-
Баянгол дүүргийн 4, 16 дугаар хороо
Шинээр халдвар авсан хүмүүсээс Улаанбаатар хотод 118 хүн бүртгэгдсэн. Улаанбаатар хотын нийт өвчлөл 3203 болж байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр тохиолдол, Төв аймгийн Зуунмод суманд нэг тохиолдол тус тус илэрсэн. Мөн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 424 боллоо.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3031 боллоо. Өнөөдрийн байдлаар 973 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 900 хүн хөнгөн, хүндэвтэр 65, хүнд 6, маш хүнд 2 хүн байгаа.
Мөн ойрын хавьтлуудыг тусгаарлах журамд өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орж байна. Ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байранд 7 хоног, гэрийн тусгаарлалтад 7 хоног хянадаг байсныг өөрчилж, гэрийн тусгаарлалтад 14 хоног ажиглан тусгаарлахаар боллоо. Гэхдээ хүн бүрийг гэрт нь тусгаарлахгүй. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу гурван төрлийн үнэлгээгээр гэрийн тусгаарлалтад үлдээх эсэхийг шийдвэрлэнэ гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Халдварын шинж тэмдэг илрээгүй хэдэн батлагдсан тохиолдол байна вэ? Эдгээр хүмүүст эсрэг биет үүссэн үү?
-Олон тандалтын ажлын хажуугаар судалгаа шинжилгээний ажлаа хоцрогдлуулахгүй байхыг хичээж ажилладаг. Улаанбаатар хотод бүртгэгдсэн 2906 тохиолдлыг судлахад 1287 буюу 44,3 хувьд нь огт шинж тэмдэг илрээгүй. Эсрэг биеийн тогтоцыг ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж буй бүх тохиолдолд давтамжтайгаар үздэг. Ерөнхийдөө батлагдсан тохиолдлуудын 90 гаруй хувьд нь долоо дахь хоногт нь эсрэг бие үүссэн байдаг.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ