Байден: Долдугаар сард вирусгүй болсноо зарлана

img

Энэ оны эхээр дэлхийн тэргүүлэгч орнуудын ихэнх нь нэгдсэн вакцинжуулалтын аян ихээхэн хүндрэлтэй нүүр тулж байна. Коронавирусээс сэргийлэх вакцинаас үүдэлтэй гаж нөлөөний талаарх мэдээлэл вакцин эсэргүүцэгчдийн тоог улам бүр нэмсээр. Харин энэ зуур дэлхийн олон оронд вакцины тун хүрэлцэхгүй хүнд байдалд байгаагийн дээр Европын холбоо зарим орнуудыг "амин хувиа хичээж, вакцины үндсэрхэг үзэл гаргаж" бусадтайгаа вакцин хуваалцахгүй байгаад ч буруутгасан юм. 

 


2020 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн цар тахлын талаар албан ёсоор зарлаж байлаа. Жилийн дараа Америкийн Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, АНУ-д өрнөж буй вакцинжуулалтын аяны амжилт болон коронавирустэй тэмцэх цаашдын төлөвлөгөөний талаар илтгэв.

 

Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөсөн Ерөнхийлөгч Жо Байден нэн тэргүүний зорилтуудынхаа жагсаалтад вирустэй хийх тэмцлийг багтаасан гэдгээ энэ мэдэгдлээрээ ойлгуулсан юм. Түүнийг албан тушаалдаа очсоноос хойших эхний 100 хоногт багтаан 100 сая хүнийг вакцинд хамруулна гэж Жо Байден өмнө нь амлаж байсан бол энэ удаад эхний 60 хоногт багтаан буюу гуравдугаар сарын сүүл гэхэд 100 сая хүнийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна гэж мэдэгджээ.

 

"Бид энэ зорилгодоо хүрнэ. Дэлхийн нэг ч улс ийм ололт гаргаагүй" хэмээн Жо Байден мэдэгджээ.

 

Амлалтдаа хүрэхийн тулд вакцинжуулалтын хурдыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд АНУ-д одоогийн байдлаар өдөрт 2 сая тун тарилга хийж байгаа аж. Вакцинжуулалтын явцыг түргэсгэснээр Ерөнхийлөгчийн ажлын эхний 100 хоногт багтаан дунд сургуулиудыг дахин нээх боломжтой болно гэж Жо Байден үзэж байгаа гэнэ.

 

"Тусгаар тогтнолын өдөр (shuud.mn: Долдугаар сарын дөрөвний өдөр тохиодог) энэ жил онцгой болно. Бид тусгаар тогтнолын өдрөө тэмдэглээд зогсохгүй энэ вирусээс хамааралгүй болсноо тэмдэглэж эхэлнэ" хэмээн Байден мэдэгджээ.

 

Хүн амынх нь 20 хувь орчим нь вакцинд хамрагдсан АНУ-д ийнхүү вакцинжуулалтыг түргэвчлэхээр шийдсэн бол бусад орнуудад урьдчилан сэргийлэх тарилга хийх аяны явц төдийлөн урагштай явагдахгүй байгаа юм. Коронавирусээс сэргийлэх вакцины ачаар нас баралт буурсан гэж мэдэгдэж байгаа Герман улсад гэхэд л хүн амынх нь 7 хүрэхгүй хувь нь вакцинд хамрагджээ. Бусад орнуудын тухайд вакцин хуваарилалтаас гадна дэд бүтэц дутмаг, зүү, тариур зэрэг материал хангалтгүй байгаа нь вакцинжуулалтын явцад нөлөөлж байгаа гэнэ. Харин Польшийн Ерөнхий сайдын мэдэгдсэнээр энэ улс сард 10 сая хүнд тарилга хийх боломжтой ч вакцин хүрэлцэхгүй хүндрэлтэй тулгарч байгаа гэнэ.

 

Хэдийгээр олон улсын тавцанд улс орны тэргүүнүүд вакцинжуулалтыг түргэсгэх сонирхолтой гэдгээ дуу нэгтэй илэрхийлж байгаа ч амьдрал дээр вакцины нийлүүлэлтэд тээвэрлэлт болон үйлдвэрлэлтийн саатал гарч, үүн дээр гаалийн хязгаарлалт болон зохион байгууллалтын шийдвэрүүд нэрмээс болж байгааг DW агентлаг онцолжээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ