COVID-19: Нидерландад эсэргүүцэгчдийг усан буу ашиглан тараажээ

Коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцэн Нидерландын оршин суугчид Гааг хотын төвд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсныг усан буу ашиглан тараасан талаар ВВС мэдээлжээ.
Эсэргүүцлийн арга хэмжээнд 200 гаруй хүн оролцсон нь коронавирусийн үеийн хязгаарлалтын журмыг зөрчсөний дээр оролцогчид хүн хоорондын зай бариагүйн улмаас цагдаагийнхан жагсагчдыг тарахыг шаардсан байна. Гэвч жагсагчид цагдаагийнхны шаардлагыг үл хайхран, "Эрх чөлөө!", "Дарангуйллыг зогсоо!" хэмээн хашгирч байжээ. Үүний дараа цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд усан буу ашигласан байна.
Өмнө нь энэ төрлийн жагсаал Амстердам хотод гуравдугаар сарын долооны өдөр болж өнгөрсөн юм. Тухайн үед 700 орчим хүн жагсаалд оролцож, цагдаагийнхан 28 оролцогчийг баривчлан саатуулж байлаа.
Энд дуулгахад, Нидерландын эрх баригчид нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор хөл хорих цаг тогтоосон юм. Хөл хорих цаг 21.00-04.30 цагийн хооронд үйлчлэх бөгөөд хоригийг зөрчсөн хүмүүст 95 евро буюу монгол мөнгөөр 297 мянган төгрөгөөр торгох юм байна.
Энэ шийдвэрийг оршин суугчид эсэргүүцэн, нэгдүгээр сарын сүүлээр хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ